Хошин урлагийн жүжигчид нийгэмд сайн муугаараа дуудуулан инээд баясал бэлэглэсээр явдаг. Нэг үе хошин урлагийнханд хүнд гарз тохиолдож, жүжигчин Амбий, Аси нарын сайн жүжигчид хүнд өвчний улмаас бурхны орныг зорьж, цэл залуухан Т.Билгүүн зуурдаар таалал төгссөн. Энэ бүхэн хошин урлагийнхныг нэгтгэж, нэгийнхээ зовлонг хуваалцах сэтгэл гаргах болсон гэлтэй. Хошин урлагийнхан хандивын тоглолтод хамтлагаараа оролцох нь бишгүй олон.
Энэ удаа хошин урлагийн жүжигчид бүгд нэгджээ. Маргааш буюу 4 дүгээр сарын 1-нд хошин урлагийнхны хувьд хамгийн том баярын өдөр. Энэ удаагийн "Инээдмийн баяр"-аа арай өөрөөр тэмдэглэж, нэгийнхээ эмчилгээнд зориулах мөнгийг олохоор болсон гэнэ. Учир нь "Шинэ үе"-эр эхэлж, Мөрөөдлийн театрын гишүүн болсон Ц.Ганбаяр хүнд өвджээ. Хошин урлагт 2002 оноос эхэлсэн зүтгэсэн Ц.Ганбаярыг "Бүдүүн" Ганбаа гэж үзэгчид дотночлон дууддаг. Ц.Ганбаагийн эрүүл мэнд муудаж, жин их хасан, эрхтэн солиулах мэс засалд орох шаардлагатай болжээ. 9911 дугаараа хүртэл зарж эмчилгээндээ нэмэрлэн, эмчилгээний мөнгөнийхөө төлөө ёстой л хуруу хумсаа хугалах шахаж яваа Ганбаад туслахаар хошин урлагийхан нэгдэж, маргааш томоохон шоу тоглолт дэглэх гэнэ.