alim.mn | 2024.12.24
2003 оноос хойш өссөн дүнгээр 30 гаруй улсын 4000 гаруй хөлөг онгоцыг бүртгэжээ

УИХ-ын нэгдсэн чуулганаар "Далай ашиглах тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.

Энэ үеэр хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Монгол Улс далайн эрхзүйн харилцаанд орсноос хойш 22 жил болжээ. Өнөөдрийн байдлаар далбаагаа мандуулсны төлөө жилд 1.2-1.5 сая ам.долларын орлого олдог" гэж мэдээлсэн.

Засгийн газрын 2001 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар "Далай ашиглах тухай хууль"-ийг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын далбааг түрээслүүлэх асуудлыг судалж, арга хэмжээ авахыг тухайн үеийн Дэд, бүтцийн сайдад даалгаж байв.

Улмаар 2002 онд Дэд, бүтцийн сайдын тушаалаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийг хийх "Монголын хөлөг онгоц" ХХК-ийг Сингапур улстай хамтран байгуулсан. Энэ компанийн 65 хувийг Монгол Улсын Далайн захиргаа, 5 хувийг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар, 30 хувийг Сингапурын тал эзэмшдэг байжээ. Компанийг 2021 оны арванхоёрдугаар сард татан буулгаж,  үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна.

Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийн дагуу Монгол Улс далбааны эзэн улсын эрх үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 2003 оноос хойш өссөн дүнгээр 30 гаруй улсын 4000 гаруй хөлөг онгоцыг бүртгэжээ. Өнөөдрийн байдлаар 24 орны 174 хөлөг онгоц бүртгэлтэй байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ