alim.mn | 2024.12.24
20 сая төгрөгтэй тэнцэх үнэт металл, валютыг хилээр гаргахыг хориглоно

Монгол Улсын болон гадаадын иргэн харьяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглох тухай заалтыг ЗГ-аас УИХ-д өргөн барих шинэ хуулийн төсөлд тусгажээ.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Тус хуулийн төсөлд орсон онцлох заалтуудыг танилцуулахад:

  • УИХ, ЗГ, Төв банк, хувийн хэвшил ямар эрх, үүрэгтэй оролцохыг нь тодорхой тусгаж өгсөн. Үүнтэй холбоотой хуулийн төсөл, тогтоолыг УИХ дараалал харгалзахгүй яаралтай хэлэлцэнэ.
  • Монголбанкны мах, гурилын нөөц бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн импортлогчийн эргэлтийн хөрөнгө болон урьдчилгаа төлөхөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг тус тус өөрсдийн харилцдаг банкуудын эх үүсвэрийг дайчлах, гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах. 
  • Монголбанк гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор банкаар дамжуулан алт олборлогч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож, Лондонгийн хөрөнгийн биржээс 5 хувийн нэмэгдэлтэйгээр алт худалдана авна.
  • Мах, гурил, шатахууны хангамж, нийлүүлэлтийн хомсдол үүсэхгүй байхад Засгийн газраас арга хэмжээ авна. Үүнтэй холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5 хүртэлх хувьд зохицуулалт хийх эрхийг ЗГ-т олгож байна.
  • ЗГ-аас мах, гурилын нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэнэ.
  • Монгол Улсын болон гадаадын иргэн харьяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ