alim.mn | 2024.12.28
Оросын хамаарлаас гаргах газрын тос боловсруулах үйлдвэрийнхэн Оросын компанийг урьж төслөө “танилцуулжээ”

Манай улс хойд хөршийн хатуу барьцаанаас гарахын тулд Энэтхэгийн Засгийн газрын зээлээр газрын тосны үйлдвэр байгуулах ажил ид явагдаж байна.  Энэ төслийг “Монгол газрын тос болосруулах үйлдвэр” ТӨХХК хариуцаж, Д.Алтанцэцэг захирлаар нь ажилладаг. Гэтэл Оросын хамаарлаас гарах том төслийг оросын оролцоогүйгээр бас л хийж чадсангүй. Өнгөрсөн сарын сүүлээр манайхан Оросын “Зарубежгеология” компанийн удирдлагийн багийг урьж төслийн үйл ажиллагаатайгаа бүрэн танилцуулж  бараг л “долоон булчирхайгаа” тоочжээ. Бүр хамтран ажиллах гэрээ хүртэл байгуулаад амжсан аж. Өдгөө оросууд манай баригдах үйлдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон биз.  Үйлдвэртэй “танилцах” үеэрээ хажуугаар нь “биолаборатори” хайсан байвал яах вэ гэсэн хардлага төрж байна. Удахгүй Оросын бас нэгэн улстөрч  “Монголын газрын тосны үйлдвэрийн дэргэд нууц лаборатори ажиллаж байна” гээд загнаад эхэлбэл гайхах зүйлгүй биз. Америк болон Европын холбоо түрэмгий дайн өдөөсний төлөө Оросын эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авч эхэлсэн энэ үед бид том төслүүдээ хойд хөршөөс холхон байлгах нь аминд өлзийтэй.   Оросын “Газпром” компанитай нутгаараа дамжуулан хийн хоолой тавихаар гэрээ байгуулсан нь тэдэнд таалагдаагүй бөгөөд гэрээнд гарын үсэг зурсан Шадар сайд С.Амарсайханд визний хориг тавигдсан. Үүнээс үзэхэд хэрвээ Оросын компани манай газрын тосны үйлдвэрийн төсөлд оролцоод бүр оролцуулаад байвал үйлдвэрийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлтээс эхлээд  хоригт орж баларч магадгүй юм. Үгүйдээ л Д.Алтанцэцэг тэргүүтэй удирдлагад нь визний хориг тавигдвал тэднээс илүүтэйгээр гадаад орны шатахууны хамаарлаас гарах гэсэн бид хохирох нь мэдээж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ