"Байрны үнэ, ипотекийн зээлийн хүүг зохиомлоор өсгөж байгаа МИК-аас татгалзъя” сэдвээр гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг, эдийн засагч Я.Батсуурь нар мэдээлэл хийлээ.
Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг “Орон сууцны зээлийн талаарх гол асуудлыг огт ярихгүй байгаа санагдлаа. Процессыг харвал, Монголбанк 4%-ийн эх үүсвэрээр арилжааны банканд өгч, банкууд 8% болгоод зээлдэгч нарт өгч байна. Банкууд үүнийг багцлаад МИК-д 8%-ийн хүүтэйгээр өгч байна. МИК багцлаад 4.5%-ийн хүүтэйгээр Монголбанканд, 10.5%-ийн хүүтэйгээр бондоо арилжааны банкуудад өгч байгаа. МИК-ын ашгийн эх сурвалж бол иргэдийн банканд төлж байгаа зээлийн хүү дотроос гарч ирэх ёстой. 8% бол дэндүү өндөр тогтоогдсон болохыг үүгээр харуулж байна. Монголбанк өөрийнхөө гаргасан 4%-ийн хүүтэй эх үүсвэрийг бонд гээд буцаагаад 4.5,-ийн хүүтэй авна гэхээр 0.5 хувийн алдагдал гарч байна.
МИК зүгээр арилжааны банктайгаар тусдаа гарчих. Бид харин төрийн мөнгийг салгаж аваад орон сууцны үнийг хямдруулна. ТОСК, НОСК маягаар нэг метр квадрат нь 1.5 сая төгрөгийн байр бариулаад 2.5 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд зарна гэж ажиллаж болно. Өөрөөр хэлбэл хувийн биш төрийн корпорац байгуулах хэрэгтэй байна. Өнөөдөр “МИК ОССК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулгыг уриад, мэтгэлцье гэсэн чинь ирсэнгүй. МИК-тай нарийн тоогоор мэтгэлцмээр байна” гэв.
Эдийн засагч Я.Батсуурь “МИК бол огт байх шаардлагагүй компани юм. Санхүүгийн бүтэц сайн хөгжсөн орнуудад тусгай зориулалтын компани байдаг. Хоёрдогч зах зээл дээр ипотекийн зээлийн багц арилжаалдаггүй. Тэрийг худалдан авах чадалтай хөрөнгө оруулагч нар манайд байхгүй бөгөөд ийм систем манайд бүрэлдээгүй. Ипотекийн зээлийн хүү 3, 4% болж буурах бүрэн боломжтой” гэв.