alim.mn | 2025.06.08
Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллахдаа 327 тэрбум төгрөгийн зээл гаргажээ

Ринчен гуайн зээ хүү Ганибалын Амартүвшин гэж цэмцийсэн залуу Шарк танк нэвтрүүлэг хөтөлж, эрээн оймсоороо олонд илүүтэй танигдсан билээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар хагас жил ажилласан Г.Амартүвшин өнгөрсөн 2019 оны 12 дугаар сарын 31-нд ажлаасаа гарах хүсэлтээ өгч, удалгүй УИХ-д нэр дэвшин гишүүн болсон. 

Банкир Г.Амартүвшинг их зүйл бүтээнэ гэсэн хүлээлт байсан. Гэтэл Г.Амартүвшин Сүхбаатар дүүргээс сонгогдсон гишүүн Ц.Мөнхцэцэгтэй хамт “Чимгээ, Содномдаржааг сулла” гэж хадуурсан удаатай.

Мөн УИХ-ын гишүүн болсны дараахан Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуягтай хамтран Бизнесийн зээлийн хүүг 50 хувь бууруулах тогтоолын төслийг  УИХ-ын даргад өргөн барьсан. Гэтэл УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн баримт ил болсон юм. Г.Амартүвшин 2019 оны сүүлийн хагаст Монголын Улсын Хөгжлийн банкны захирлаар ажилласан хугацаандаа 327 тэрбум төгрөгийн зээлийг толгой мэдэн гаргах мэдээлэл байдаг аж. Харин өөрөө "Хөгжлийн банкинд 6 сар ажиллахдаа огт зээл гаргаагүй" гэж үгүйсгэсэн.

Тухайн үеийн зээлдэгчдийнх нь дунд 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг сервис” гэх компани багтсан нь бий. Тус компани гурван хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2018 онд автомашины засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр байгуулагджээ. Тэднийг нэрлэвэл, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Глобал майнинг сервис” ХХК, Дэлхийгээр аялагчид” группийн үүсгэн байгуулагч, аялагч Ө.Батбаяр. Одоо аялагч Ө.Батбаяр суга дэвшиж, АНУ-д Монгол Улсаа төлөөлөн суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд болсон.  Тэгвэл Улсын Бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны мэдээлэлд “Вертекс майнинг сервис” компанийн  гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай овог нэгт Хассуурийн Хашчимэг ажилладаг ажээ.  Х.Хашчимэг болон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар бол төрсөн ах дүү. Саяхан УИХ-ын гишүүн Хассуурийн хамаарал бүхий газар хуулийнхан нэгжлэг хийсэн. Х.Ганхуяг нь “Хэра инженеринг”-ийн 50 хувийг эзэмшдэг бол түүний охин компани “Хера инвенстмент”-ийн 10 хувийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням эзэмшдэг. Ийм ашиг сонирхол нэгтэй нөхөд улсын хөгжлийг дэмжих зорилготой Хөгжлийн хөгжлийн банкны хөрөнгөөс гаргаж авсан байгаа юм.

Хөгжлийн банкны асуудал гэнэт үүссэн биш. Эртнээс ужгирсан нь мэдээж. Харин захирлаар нь ажиллаж байсан Г.Амартүвшин гишүүн "Муурын байшин шатлаа, муухай явдал боллоо, Хөгжлийн банк хэцүүдлээ" гэж сануулахын оронд өөрөө хүртэл хүртсэн гэхээр өвөөгийнх нь хэлдгээр Монгол хүнд совесть байна уу?


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
3 жилийн өмнө
202.126.89.202
Тэгээд асар их авилга авч, түүгээрээ УИХ-д заларчээ.
Төстэй мэдээ