Дөнгөж сая Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох шүүх хуралдаан болсон. Шүүх хурлаар түүнийг цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцэн улмаар нэг сарын хугацаанд таслан сэргийлэх шийдвэр гарчээ.
Үүнийг дагуу Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг ажлын байран дээрээс нь баривчлалаа. Прокурорын байгууллагаас түүнийг цагдан хорих саналаа өчигдөр үдээс хойш шүүхэд хүргүүлээд байсан юм.
Тодруулбал, Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах,
мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр яллагдагч М.Мөнхбаатарт урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал тус тус ирүүлснийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагч нарын өмгөөлөгчийг оролцуулсан бөгөөд тэдний гаргасан санал, хүсэлтийн үндэслэлтэй шүүх танилцсаны эцэст
- яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар,
- яллагдагч М.Мөнхбаатарт урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус бүр шийдвэрлэсэн байна.
АТГ-аас Мягмар гарагт Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий тодорхой объектуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй баримт мэдээлэл илэрсэн хэмээн мэдээлж байсан юм.