Иргэн Ч.Мөнхбаярыг үндэслэлгүй хорьж байгаа талаар түүний өмгөөлөгч Г.Баасан хэвлэлийн бага хурал хийж байна.
"Монгол хүн монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг гадаадын тусгай алба, байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж мөнгөн урамшууллыг тогтмол авч байсан. Улмаар түүнийг энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр үйлдэл дээр нь баривчилсан тухай Тагнуулын ерөнхий газраас мэдээлсэн.
ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр "Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагын үүрэг, даалгавар санхүүжилтээр хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл тогтоогдсон. Иймд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тухайн иргэний хууль бус үйлдлийг таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна.
Иргэн Ч.Мөнхбаярын гэрт нэгжлэг хийх явцад зохих хэмжээний валют, баримт сэлт илэрснийг эд мөрийн баримтаар хураан авсан" хэмээсэн юм.