alim.mn | 2024.12.24
УЕП: Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д ирүүлжээ

Хөгжлийн банкны хэргийг шалгаж буй хууль хяналтын байгууллагаас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлүүлэх саналаа өнөөдөр УИХ-д өнөөдөр хүргүүлсэн байна. УЕП-оос нэрийг нь дурьдсан дөрвөн гишүүний эхнийх нь /зөвхөн үсгийн дарааллаар/ Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болов. Түүнийг 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас гаргасан 1,8 их наяд төгрөгийн зээлийг үргүй зарцуулж, бондын мөнгийг үнэгүйдүүлсэн, ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхийн компаниудад зээл олгосон хэрэгт буруутгасан юм байна. 

Харин МАН-аас, саяхан УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байсан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин болон гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-оос УИХ-ын даргад хүргүүлжээ. 

2020 оны сонгуулийн өмнө Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшинг эрх мэдлээ урвуулж, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий ААН-ид давуу байдал олгон, их хэмжээний зээл олгосон /Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон/ хэмээн үзэж, яллагдагчаар татсан байна. Харин энэ хэргээс Г.Дамдинням гишүүний нэр яагаад гээгдчихсэн нь сонирхолтой.  Тэдний хамаарал бүхий “Вертекс майнинг партнерс” ХХК Хөгжлийн Банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл авсан талаар банк өөрөө анх мэдээлж байв.

Харин гишүүн Ё.Баатарбилэгийн тухайд хээл хахуулийн хэргээр шалгагдаж байгаа бололтой. Түүнийг Хөгжлийн Банкнаас зээл аваад баахан наргисан, өдгөө чанаргүй зээлдэгчийн тоонд ороод байгаа "НВЦ" компанийн захирал Ц.Баатарбилэгээс /амьдай нар бололтой/ их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутгаж байгаа юм байна. 

УИХ энэ асуудлыг УЕП саналаа УИХ-д хүргүүлснээс хойш таван өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуультай. Ингэхийн тулд Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлын хэлэлцүүлэх ёстой. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2022 оны Төсвийн хуульд оруулах өөрчлөлтөө УИХ-аар батлуулах ажил ирэх долоо хоногийн чуулган хүртэл сунах бололтой. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ