alim.mn | 2024.12.23
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА, “МАК”-ИЙН НЯМТАЙШИРТАЙ ХАМТАРЛАА

 Өнгөрсөн оны 4 дүгээр сарын 14-нд олон улсын олимпын хорооны стандартад нийцсэн мөсөн гулгуурын талбайтай “Мөсөн өргөө” ордны шав тавих ёслол болсон. Энэ үеэр Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, “МАК” группын ерөнхийлөгч Б.Нямтайшир хоёр үй зайгүй сүжирч байсан нь олны анхаарлыг татсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хан-Уул дүүргийн VIII хороонд баригдах өвлийн спортын “Мөсөн ордон”-ы шав тавих ёслолын арга хэмжээнд хүрэлцэн очлоо. Энэ бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж байгаа “Степпа Арена” компанийн удирдлагууд өвлийн спортын ордныг 16 сарын дотор ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж байна.  Тус ордон 5700 м.кв ашиглалтын талбайтай, 2600 хүртэлх үзэгчийн суудалтай, Олон Улсын Олимпын хорооны стандарт хэмжээс болох 60м-30м мөсөн гулгуурын талбайтай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбайтай, Хойд америк, Европын орнуудад өргөн ашиглаж буй мөсөн талбайн зориулалтын хөргөлтийн төхөөрөмж, агаар сэлгэлтийн системтэй, Танхим тасалгаа, мөсөн гулгуурын талбайг спортын бусад төрлийн уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ, тоглолтод зориулан хөрвөн өөрчлөх боломжтой байхаар төлөвлөжээ. Уг ордныг барихад “МАК”, “Ачит-Ихт”, “UPC”, “Степпе купер” зэрэг үндэсний компаниуд хөрөнгө оруулан хамтарч байгаа. “Мөсөн өргөө” төслийн санаачлагч нь “Степпе Арена” ХХК-ийн УЗ-ийн дарга П.Цагаан. П.Цагаан өмнөх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. 

 Гэхдээ өвлийн спортын ордны шаваас илүү анхаарал татсан зүйл бол “МАК”-ийн эзэн Б.Нямтайшир, Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр. Тэд нээлтийн үеэр их л дотночлон хамтдаа явж байсан юм. Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд нэр дэвшихдээ “30 гэр бүл”-ийн тухай анх ярьж, олны анхааралд оруулсан. Тэр  “30 гэр бүл” гэдэг ойлголтоос одоогийн байдлаар Ерөнхий сайдын үгээр олонд илрээд байгаа ганц нь “МАК”. Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны тавдугаар сарын 27-нд СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийн үнэмлэхээ авсныхаа дараа “Монгол Улс 30 хүрэхгүй гэр бүлийн төлөө юу, гурван сая монголчуудын төлөө юу гэдэг шийдвэрийг гаргахад cap хүрэхгүй хугацаа үлдээд байна” гэж байлаа. Гэтэл 30 гэр бүлийнхээ орой болсон “МАК”-ийн Нямтайширтай нэг туган дор намирч явна. Ер нь Бямбаагийн Нямтайшир үе үеийн Ерөнхийлөгч Ерөнхий сайдтай учраа олохдоо гарамгай. Уул уурхайн чиглэлээрээ анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай ойр ажилладаг.  Б.Нямтайширын охин Цэлмүүн 2008 онд анх Цолмон гэдэг залуутай гэрлэсэн. Тэгэхэд хуримад нь Багабанди, Элбэгдорж хоёр зэрэгцэн сууж байлаа. “МАК”-ийн Нямтайшир, Ц.Элбэгдоржийн сурталчилгаанд чамгүй мөнгө хандивласан гэдэг. Одоо Ерөнхийлөгч Х.Баттулгатай сүжирч байна.  Баян хүн таван хаанд нүүртэй гэдэг энэ байх даа. Монгол Улсны Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Жанжин штаб (ЗХЖШ)-ын даргаар томилогдсон хошууч генерал А.Ганбатыг томилсон ч хэдхэн сарын дараа А.Ганбат генерал өөрийн саналаар ажлаа өгсөн. А.Ганбат генерал "МАК"-ын Нямтайширийн мах цусны тасархай, ойрын хамаатан нь гэдэг.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ