Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэр бүхий иргэдийн гэрлэлтийн гэрчилгээг хүчингүй болгосон гэх асуудал олны анхаарлыг татсан. Нэр холбогдсон хүн нь олны танил бизнесмэн Тордайн Ганболд болохоор аргагүй.
Өчигдөр “Иргэн Г-ээс 2021 оны аравдугаар сард УБЕГ-т хандаад, гэрлэсний бүртгэл хүчингүй болгуулъя. Би хэзээ ч өөрийн биеэр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй, энэ гэрлэлт бол хууль бус гэх гомдол мэдээллийг өгсөн. Үүний дагуу холбогдох хяналтын улсын байцаагчийн “хүчингүй болгох” шийдвэр гарсан байдаг” хэмээн УБЕГ мэдээлсэн.
Тэгвэл иргэн Я-ын нэхэмжлэлтэй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан өчигдөр болжээ. Тус шүүх хуралдаанаар иргэн Г, Я нарын гэрлэлтийг "хүчингүй болгосон" улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүхээс иргэн Я-гийн нэхэмжлэлийг бүхэлд хангасан буюу иргэн Г болон Я нарын гэрлэлтийг хүчинтэй гэж үзжээ.
Энэ асуудалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах тайлбарыг өглөө.
Тэрээр "Иргэн Т.Ганболд 2016 онд эхнэр Х.Янжигаажид нар гэрлэлтээ батлуулж, гэрлэлтийн бүртгэл хийлгэсэн юм билээ. 2021 онд Т.Ганболдыг зүгээс “Би биеэр очиж гэрлэлтээ бүртгүүлээгүй ээ. Монгол улсын гэр бүлийн тухай хууль зөрчиж уг гэрлэлт хийгдсэн” гээд Улсын хяналтын ахлах байцаагчид гомдол гаргасан. Гомдлын дагуу улсын хяналтын ахлах байцаагч шалгалт хийхэд тухайн үед гэрлэлтийн бүртгэлийг биеэр хийгдээгүй нь тогтоогдсон гэх материал байсан. Гэрлэлтийн бүртгэл хийх төрийн үйлчилгээг авахдаа заавал биечлэн очих ёстой гэдэг шаардлага тавьдаг. Гэрлэлт бол сэтгэл хөдлөл шаардсан харилцаа, иргэдийн хамгийн том датаг цуглуулсан УБЕГ ийм алдаа гаргаж болохгүй" гэв.