alim.mn | 2024.12.28
Өмнөговийн ИТХ-ынхан “Ти Жи Эн Эс анлимитэд груп”, “Цахим мэдээллийн урсгал” ТББ-д “зүгээр” л мөнгө өгчээ

Ямар нэгэн ажил үйлчилгээ гүйцэтгэх, худалдах худалдан авах гэрээ хэлцэл байхгүй, энэ тухай бүр ямар ч анхан шатны санхүүгийн мэдээлэл, баримт байхгүй нөхцөлд ингэж тайлбарлахаас өөр аргагүй. Ийм байдлаар дээрхи бодвол нэг компани, бас нэг ТББ-д зүгээр л төсвийн сая  сая төгрөгийг Өмнөговь аймгийн ИТХ өгчихжээ. Үүний учрыг хэлэх хүн нь ИТХ-ын ажлын албаны дарга Л.Батчулуун юм. Гэхдээ цаана нь бүр том дарга нь байгаа гэх хардлага төрж байна. Одоо ажлын албаныхан болон мөнгө авсан нөхдүүд санхүүгийн баримтыг нөхөн бүрдүүлэх гэж бужигнаж байгаа биз. Юу л хийж бантагнуулсан бол доо.  Ер нь иймэрхүү маапаан зөндөө бий гэнэ. 2021 оны 10-р сарын сүүлээр ажлын албаны зургаан ажилтан “Турк улсад хөдөө аж ахуйн шинэ тоног төхөөрөмжийн чиглэлээр туршлага судлах” гэсэн удирдамжтайгаар нэг хүний 4,2 сая төгрөгийн унааны зардал гаргуулан явжээ.  Шалгалтынхан мөн л туршлага судалсан гэх баримтыг олж чадаагүй байна. Сүүлийн үед манайхан Турк руу наймаанд их явж байгааг бодоход туршлага судалсан биш газар үзээд ирсэн болж таарч байна. Зүгээр л мөнгө өгсөн, гадаадад “туршлага судалсан” зэргийн зардал нийт 69 сая төгрөг болсон нь эдийн засгийн хүндрэлийн үед нэг аймгийн хэмжээнд их хөрөнгө юм. Түүгээр ч барахгүй ИТХ найман сая төгрөгөөр холын зайн буудлагын тэмцээнд санхүүгийн “дэмжлэг” үзүүлжээ. Нийтдээ 840 гаруй сая төгрөгийн алдаа зөрчил илэрсэн нь Өмнөговийн ИТХ-ынхан төсвийн хөрөнгөөр тоглож байгааг харуулж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ