alim.mn | 2024.12.23
Монгол Улсад генерал цол олгож эхэлснээс хойш 207 хүн энэ хүндтэй цолыг хүртжээ
АНХНЫ ЭМЭГТЭЙ ГЕНЕРАЛТАЙ 78 ЖИЛИЙН ОЙН “МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨР” БАХДАМ САЙХАН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
Эдүгээгээс 78 жилийн өмнө буюу 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд “Генерал” хэмээх цэргийн дээд цолыг анх удаа олгосон. Харин 2004 оноос хойш жил бүрийн энэ өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. 
Сонирхуулахад, Монгол Улсад генерал цол олгож эхэлснээс хойших 78 жилийн хугацаанд 207 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртсэний дотор маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 21, хошууч генерал 117, бригадын генерал 59 байна. Мөн энэ онд Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн баяраар Монгол Улсын анхны эмэгтэй генерал төрөн гарсан. Энэ бол Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ чиг хандлага, бүтэц бүрэлдэхүүнийх нь өөрчлөлтийн илэрхийлэл төдийгүй улс орныхоо хөгжил дэвшил, батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан эмэгтэй цэргийн алба хаагчдын гавьяа, зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж буйн нотолгоо болсон юм.
Түүнчлэн генералуудын эгнээнээс БНМАУ-ын баатар цолтон зургаа, Хөдөлмөрийн баатар гурав, дайн, байлдаанд оролцсон 34, төрийн өндөр албан тушаал хашсан 15, сансрын нисгэгч нэг, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон олон улсын байгууллагад ажилласан 10 гаруй генерал байгаа бөгөөд нийт генералын 30 гаруй хувь нь эрдмийн зэрэг, цолтон байдаг ажээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ