Надад олон мөрөөдөл байдаг! Нийгмээ гүн бат ардчилах, хүний эрхийг дээдэлсэн хууль цаазыг тогтоон хэрэгжүүлэхээс эхлээд үндэстнээрээ цэцэглэн хөгжиж дэлхийн зиндаанд амьдрахыг хүртэл. Мөрөөдөл бүхэн маань яван явсаар нийгмийн боловсрол гэдэг зангилаан дээр тулж ирдэг. Түүнгүйгээр миний мөрөөдөл бол зүгээр л хий хоосон санаашрал гэдгийг мэддэг.
Нийгмийн боловрол гэхээр хүн бүр онолын физик гэж ойлгодог, Эйнштейний нээлтээр маргадаг, хүүхэд болгон “Фермагийн их теором”-ыг батлахыг оролддог байхын нэр биш юм. Ердөө л ардчиллын үнэт зүйлийг ойлгодог, өөрийгөө түүний нэг хэсэг гэдгийг ухаардаг байхыг л энд ярьж байна. Ингээд бодохоор миний аугаа том мөрөөдөл маш жижигхэн, энгийн зүйл дээр тулж байгаа биз дээ?
Гэвч хамгийн энгийн, ялихгүй гэмээр энэ зүйлийг аливаа ард түмэн өөрсдөө ухаарч, мэдэрч, өөрсдөө хүсэмжлэн байгуулж байж л сая ардчилсан, шударга, эрх чөлөөт нийгмийг бүтээж чаддаг. Үндэстэнд өөрөө үүссэн ийм чанар, чадвар үгүй бол ямар ч сайн хууль тогтоомж, ямар ч их зээл тусламж, хувьсгалын чанартай алхам нэмэр болдоггүй, тэднийг аз жаргалын замд хүргэж хүчирдэггүй гэдгийг харуулсан олон жишээ байдгийн хамгийн шинэхэн нь Афганистан. Тэднийг Зөвлөлтүүд коммунист болгож хүчрээгүйн нэгэн адил АНУ ч ардчилсан болгож амжсангүй.
Миний хамгийн бодитой мөрөөдлийг биелүүлж, манай үндэстний нийгмийн боловсролыг тэтгэх нэгэн бүтээлийг НЭПКО гаргаж байна. Энэ номд Монгол орны төр засаг ямар байхыг ХХ зуунд шууд шийдэж байсан, XXI зуунд шууд бусаар шийдэлцэж буй Умард хөршийн улс төрийн гал тогооны сүүлийн гучаад жилийн амьдралыг нээн харуулжээ. Мэдээж, энэ ном ОХУ-ын төрийг Сталин, Брежнев нараас ч удаан удирдаж байгаа Владимир Путиний тухай ном.
Улс төр, эдийн засаг, гэмт хэргийн бүхэл бүтэн сүлжээний оройд суугаад өөрийн ард түмнийг чанга гараар барих төдийгүй хөрш орнууд, дэлхий дахины хувь заяанд нөлөөлөн шийдэж яваа энэхүү аймшигтай бөгөөд хүчирхэг хүний үйл ажиллагааг дэлхий нийтийн өмнө ингэтэл дэлгэсэн бүтээл дөнгөж гараад хэдхэн сар болж байна. Путинийг магтсан, муулсан олон ном бичвэр гарсан ч бүхий л талаас нь, улс төр бизнесийн болон гэмт хэргийн хүрээлэлтэй нь цогц байдлаар илчилсэн бүтээл үүнээс өөр гараагүй байна, одоогоор.
БНМАУ-ын үе шиг “Өглөө Кремльд найтаахад үдээс хойш Улаанбаатар халуурч эхэлдэг” үе өнгөрсөн юм аа гэхэд “маргааш нь хамар битүүрдэг” хэвээрээ л байгаа цагт энэ номд дэлгэсэн үнэн манай уншигчдад маш чухал. Улс төрийн ханиад томууны халдвараас бүрэн хамгаалахгүй юм аа гэхэд хөнгөн тусах улс төрийн вакцин болно. Улмаар Москвагийн улс төрийн ханиадны элдэв хувилбар, альфа, дельта вээрсүүдийг амжилттай нутагшуулж ирсэн туршлагатай Монголын улс төрчдөөс хамгаалах вакцин ч болж мэднэ.
Миний анд, Ардчилсан намын гишүүн асан Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдон очоод төд удалгүй “либерал ардчилал мухардсан, геополитикоор хөгжинө” хэмээн мэдэгдэж билээ.Монгол шиг хэт хоёр их гүрний дунд битүү бүслэгдэн орших жижиг (бичил ч гэж болно доо) орны хувьд геополитикоор хөгжинө хэмээх нь үнэндээ Оросын, эсхүл Хятадын дагуул улс л болно гэсэн үг юм.
Нээрээ л Баттулгын Ерөнхийлөгч байсан дөрвөн жилд Монгол минь Оросын дагуул улс маягтай болоод л явчихсан!
Ерөнхийлөгч Баттулга нь Путинийг хаана явна тэнд дагаж гүйх санаатай юм шиг аашилж эхлэв. Баку, Будапештад Путин очсон сургаар тийшээ албан бус аялал хийж ч байх шиг. Путин НҮБ-ын чуулганд эс оролцвол Баттулга бас эс оролцож ч байх шиг. Тэгсэн мөртөө Владивостокийн эдийн засгийн чуулганд байнга идэвхийлэн сууж ч байх шиг.
Баттулга нь төрийн тэргүүн байх дөрвөн жилийн хугацаандаа НҮБ-ын чуулганд очиж оролцоогүй ардчиллын үеийн анхны Ерөнхийлөгч болсон. Манай улс Зөвлөлтийн колони байх үед удирдагч Цэдэнбалын нэг удаагийн “хальт ороод гарсан”-ыг эс тооцвол Монголын төрийн өндөрлөг НҮБ-ын чуулганд оролцохгүй өнгөрч байсангүй. Тэр ёс эргэж ирсэн мэт болов. Гэтэл хоёр хэт их гүрний дунд битүү бүслэгдэн орших Монголын хувьд НҮБ-ын жил бүрийн чуулганы индрийг манах нь улс оршихуйн онцгой ач холбогдолтой юм. Тийм учраас л ерэн оны ардчилсан хувьсгалаар Монгол ялснаас хойш манай төрийн аль нэг өндөрлөг НҮБ-ын индрээс “холдоогүй” явж ирсэн билээ!
Баттулга Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын гэрч болдог НҮБ-ын индрийг орхиод зогсоогүй ээ. Дотооддоо, улс орныхоо тусгаар тогтнолыг гуравдагч хөршийн дэмжлэгээр бататгах бодлогыг тууштай явуулж байсан Ерөнхий сайд, сайд асан тэргүүтэй баахан хүмүүсийг заналтайгаар баривчилж шоронд хийв. Ингэхийн тулд хараат байх ёстой шүүх эрх мэдлийг “хураан авч” өөрийн тэргүүлдэг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дор аваачсан байдаг. Ардчиллын 30 жилийг “завхралын жилүүд” хэмээн дайрч гутаав. Ардчилсан хувьсгалыг П.Очирбат, М.Энхсайхан зэрэг Хятадын “гар хөл бологсод” хийсэн мэтээр гүтгэлгийн суртал ухуулга явуулан балайрав. Хувьсгалын анхдагч нар нь амьд байхад улаан цайм түүхийг мушгин гуйвуулсан шүү дээ! Ерөнхий сайд М.Энхсайханд онцгой хонзогнон хандаж байсан. Терроризмын хэрэгт буруутган яллаж, түүнийг шоронд хийсэн юм.
Хэчнээн муучилсан ч ардчиллын тулгуур мөн байсаар ирсэн Ардчилсан Намыг эрх баригчидтай нийлж хавсайдан хагалсаар “нүдний булай” болгов. Тэр бээр Эрэлийн намаас ирээд МАН-ын даргын зөвлөх болох “урт аян зам”-даа Ардчилсан намаар “хоноглоод” гарахдаа Ардчилсан намыг тун чиг сүрхий түйвээсэн билээ.
Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ардчиллыг устгах гэсэн дотоод бодлого нь Путиний Орос орондоо хэрэгжүүлсэн дотоод бодлогын “жанжин шугам”-тай гайхмаар төстэй байсан нь хоржоонтой. Ер нь Москвагаас удирдагдаад байгаа юм биш биз дээ гэж хардмаар. Путиний бодлогыг андуурам адилхан копидоод (хуулбарлаад) байхаар ингэж хардахаас өөр яах билээ?!
Миний энэ хардлага хэр үндэстэй болохыг Нэпко хэвлэлийн газраас та бүхэнд толилуулж буй Кэтрин Бэлтоны Путиний гар хөлүүд хэмээх энэ ном харуулна. Путиний удирдлагаар Зөвлөлтийн аюулаас хамгаалах (КГБ) систем Орост хэрхэн эргэж сэргэн бүх эрх мэдлийг дахин гартаа оруулсан түүхийг нарийвчлан дэлгэхийн тулд номын зохиогч Бэлтон нь Ройтэрс агентлаг, Файнэншл таймс сонины сэтгүүлчээр Орост 16 жил ажиллажээ. Энэ ном бол монголчууд бидний хар яриагаар “амьд явсных нэг уншчихмаар” тийм лут бүтээл. Хэдийгээр зузаан ном мэт харагдавч эхний хуудсыг сөхсөн уншигч та цаг хугацаа хэрхэн өнгөрснийг ч анзаарахгүй “азаартах” болно. Хамгийн гол нь монголчууд бид ямар аюулын дэргэд амьдарч буйг ухаарахад үнэхээр тустай бүтээл ажээ!
Путинийг Оросын ард түмэн бий болгосон. Оросын ард түмэн “чанга гар” хүссэн, түүнийг нь путинчүүд өгсөн. Оросын ард түмэн “чанга гар нь чанга унагадаг” гэдгийг ойлгоогүй. Оросын чанга гарууд асар их хөгжлийн потенциалтай Орос орныг ямагт “Бедная держава” (Ядуу их гүрэн) байлгасаар ирсэн түүхтэйг мэдсээр атлаа шүү дээ! Өнөөдөр Оросын ард түмэн путинчүүд хэмээх “дарга анги”-д дарлуулаад амьдрал нь “чангаар унан” сууна. Орос орныг үнэндээ Америк биш, эрх чөлөөтэй амьдрахаас айдаг орос хүн өөрөө доройтуулсаар авай!
Эрх чөлөөгүй, тогтвортой байдалгүй оронд хөгжил очдоггүй нь хууль. Путин өөрөө энэ санааг хэлсэн юм даг!
Яг одоо би юу мөрөөдөж байна гэхээр, энэ номыг монгол хүн бүр уншаасай, байг гэхэд тал нь уншаасай, бүүр арга ядахад чи уншаад хэн нэгэнд яриад өгөөсэй. Ядаж л тэгээсэй. Энэ бүтээл бол дагаж дуурайх гарын авлага биш, сэрэмжлүүлэг юм!
Өнгөрөгч 5 сарын 15-нд Лондонд нээлтээ хийсэн Путиний гар хөлүүд хэмээх энэ ном, анхны хэвлэлээсээ дөрөвхөн сарын дараа монгол хэлээр хэвлэгдэн анхны гадаад орчуулга болж байгааг хараад мөрөөдөл маань биелэх ч юм шиг совин татаж байна.
Э.Бат-Үүл