МАН-ын бие жижиг ч бэлчээр томтой сайн эрсийн бол ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр. НАМЗХ-ны анхдагчдын нэг тэрбээр МХЕГ-ын дэд даргаас төрийн өндөр албан тушаалтны гараагаа эхэлж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд болсон. Түүнийг гэрлийн хурдаар Батлан хамгаалахын сайд болоход түүний аав Жадамбаа генералын нэр алдар "гоёхон чимэг" болсон гэдэг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярыг тэрбумтан хэмээн тодорхойлж болно. МАН-ын бэлтэй хөлтэй эрсийн нэг.
Тэрбээр 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-гаас “Газар Агро” ХХК, “Газар Буудай” ХХК зэрэг хоёр компаниараа 1 тэрбум 950 сая төгрөгийн 3 хувийн нэн хөнгөлөлттэй зээлийг авсан дуулианд нэр холбогдож байв. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн сумын нутагт Сэлэнгэ үүлдрийн үхрийн үржлийн аж ахуйг эрхэлдэг. Энэ аж ахуйгаа ЖДҮ-ээс авсан мөнгөөрөө босгосон хэмээн бахархан ярьсан нь бий. “ЖДҮ авсан болохоос авлига авч, улсын мөнгө хулгайлаагүй” гэсэн гэх. Юутай ч энэ ЖДҮХС-гийн зээлээс болж 2020 оны УИХ-д нэр дэвшээгүй. Гэсэн ч хаа ч газарддаггүй Ж.Энхбаяр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга болсон юм. Ж.Энхбаяр даргын хамаарал бүхий компани сайн үүлдрийн үхрээ төрд эргүүлэн “үнэ хүргэн зарж” эхэлжээ.
“Булган аймагт хэрэгжиж буй Шинэ хөдөө төсөлд өсвөр хээлтүүлэгч бух нийлүүлэх тэрбумаар үнэлэгдэх тендерийн багцад 550,000,000 /таван зуун тавин сая/ төгрөгийн үнийн санал ирүүлсэн “Газар агро” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн, “хамгийн сайн” гэж үнэлэн шалгаруулжээ.
Төрийн худалдан авах ажиллагааны газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан хээлтүүлэгч бух нийлүүлэх энэхүү тендерт 550 сая төгрөгийн санал өгч ялалт байгуулсан “Газар агро” ХХК бол экс гишүүн Ж.Энхбаярын “Газар” ХХК-ийн охин компаниудын нэг нь ажээ. 100-140 бухыг 550 сая төгрөгөөр зарна гэдэг нэг бух нь дор хаяж 4 сая төгрөгийн үнэ хүрэх шахаж, Ж.Энхбаяр дарга энэ цагийн "Итгэлт баян" болж, нүнжигтэй наймаа хийжээ.