Умард Солонгос улсад өнгөрсөн 1 хоногт 392 мянган коронавирүсийн халдвар илэрч 8 өвчтөн нас барсан тухай Өмнөд Солонгосын “Рёнхап” агентлаг мэдээллээ. Умардад нийт нас барагсдын тоо 50 болжээ. Өмнөх өдөр нь энэ улсад 296 мянган халдвар илэрч 15 нь нас барсан билээ. Халдвар авсан хүмүүсийн тоо 1,2 сая болж 648 мянга нь эдгэрч 564 мянга нь эмчлүүлж байна. Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Улстөрийн товчоо яаралтай хуралджээ. Энэ хурал дээр III Ким эм нийлүүлэлтийг шүүмжилж цэрэг армиа дайчлан эмийн санд эм хүргэх тушаал гаргасан тухай тус орны Цахилгаан мэдээний төв агентлаг дамжуулав. III Ким “Дээрээс тушаал өгсөн ч эмийн нийлүүлэлт хангалтгүй байна. Шаардлагатай эм хэрэгслийг улсын нөөцөөс нэн яаралтай нийлүүл. Бүх эмийн санг 24 цаг ажиллуул” хэмээн үүрэгджээ. 5 сарын 12-ноос өмнө 1 ч хүн ковидоор өвчлөөгүй гэж байсан Умард Солонгос одоо Цар тахлаас болж Онц байдал тогтоолоо.