alim.mn | 2024.12.23
Цар тахлаас үүдэн татварын өрөнд орсон ААН-үүдийг шүүхэд өгч, дансыг нь хаах зохимжгүй

Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубээс "НӨАТ ба Бизнес" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.05.16/ зохион байгуулав.  Хэлэлцүүлгийн зочноор МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, СЭЗИС-ийн ахлах багш, Татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргал, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, Улаанбаатар хотын худалдааны танхимын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ончинсүрэн нар оролцлоо.

Монгол Улсад бүртгэлтэй 178 компани байдаг аж. Үүнээс 90 орчим мянга нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна. МҮХАҮТ, ҮСХ-той хамтран өнгөрөгч 2021 оны 11 дүгээр сард бүх аж, ахуйн нэгжийн тооллого хийжээ. Уг тооллогоор 56.8 мянган компани ажиллаж байгаа гэх статистик гарчээ.

Цар тахлын улмаас тогтоосон хөл хорио, хил гааль хаасан, Засгийн газраас үйл ажиллагааг хязгаарласан зэргээс шалтгаалан 120 мянган компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон гэж үзжээ. Үйл ажиллагаа явуулж байгаа 56.8 мянган компани дунд татварт өндөр хэмжээний өр төлбөр үүссэн зэрэг хүнд нөхцөлд орсон ААН олон байгаа аж.

Иймд МҮХАҮТ-аас эдийн засгийн хүнд нөхцөл байдал урт хугацаанд үргэлжилж буй энэ үед компаниудын дансыг хааж, татварын өрийн асуудлыг шүүхэд шилжүүлэх нь зохимжгүй гэдэг байр суурийг Ерөнхий сайд, Сангийн сайдад удаа дараа илэрхийлж, дээрх хатуу арга хэмжээг нөхцөл байдал хэвийн болтол үе шаттай хойшлуулах, эрүүгийн хуулиар айлган сүрдүүлж, дарамтлахгүй байхыг хүсжээ.

Хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "Нийгмийн даатгалаар баримжаалбал Монгол Улсад татвар төлдөг 720 мянган хүн л байна. Үүний 60 хувьтай нь тэтгэвэр, тэтгэмж тэнцэнэ. Ийм л гажуудал үүсчхээд байна. Бүгд татвар төлөгч болох ёстой гэсэн суурь зарчим, соёлоо бид одоог хүртэл нэвтрүүлж чадахгүй байгаа. Ер нь Монголчууд олсон орлогоосоо татвар төлөх ёстой гэсэн ойлголтыг одоог хүртэл хүлээж авч сураагүй байна" гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ