Хэдхэн хоногийн өмнө нутаг дэвсгэрт нь ковид илэрсэн тухай мэдээлж байсан Умард Солонгост бараг нэг сая гаруй хүн халдвар авсан байж болзошгүй байна. Хойд Солонгост оношлуураар баталгаажаагүй боловч халуурах зэрэг халдварын шинж тэмдэгтэй 1.2 сая хүн бүртгэгдэж, 50 хүн Covid-19 өвчнөөр нас барсан мэдээлэл байна. Нийслэл Пёньян хотод дөрөвдүгээр сарын сүүлээс халдвар гарч эхэлсэн гэж таамаглаж байгаа бөгөөд 564 мянга гаруй хүнийг тусгаарлалтад авчээ. Ялангуяа, өнгөрсөн сард болсон цэргийн сүрт жагсаал нь цар тахлын халдварын супер-тараагч болсон байх магадлалтай гэж ажиглагчид дүгнэлээ.
БНАСАУ-ын зэвсэгт хүчин коронавирусний халдварын тархалтыг хяналтандаа авахаар ажиллаж байна. Тус улсын удирдагч Ким Жон Ун эрүүл мэндийн салбарын ажилчдыг шүүмжилж, вирусний тархалтыг нэн даруй зогсоох, харин зэвсэгт хүчинд эм бэлдмэл нийлүүлэх ажиллагаанд туслах тушаал өгчээ. Хойд Солонгосын иргэд нь одоогоор ковидын вакцин дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа юм.