alim.mn | 2024.12.23
Мөнхийн зогсоол дахь Сүхбаатар хөлөг

Энэ чинь л монгол хүний жинхэнэ мөн чанар юм шиг харагдаад байдаг болчихлоо, сүүлийн үед. Энэ бол өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Хөвсгөл нуурын гүнээс татаж гаргасан “Сүхбаатар” хөлөг онгоц. Хамгийн сүүлд кино найруулагч Ж.Сэлэнгэсүрэн, зохиолч Б.Балжинням, С.Жаргалсайхан нарын бүтээсэн “Илүү сартай зун” кинонд бүтэн дүрээ үлдээсэн “Сүхбаатар” хөлөг 1985 онд Хөвсгөл нуурт живсэн. Үүнээс 36 жилийн дараа буюу 2021 оны есдүгээр сард хөлгийг нуурын ёроолоос татаж гаргасан юм. Засгийн газрын тогтоол баталж, улс даяар сүр дуулиан болгон хийсэн “аврах ажиллагаа” хөлгийн хувьд аврал болж чадаагүйг дээрх зургаас харж болно. Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг багасгах зорилгоор онгоцыг нуурын гүнээс гаргасан боловч одоо нуурын мандал дээрх “хог хаягдал” болчихоод байж байгаа нь энэ.

Хөлгийн түүхийг сөхвөл Хөвсгөл усан замын газрын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 1956 онд ЗХУ-тай байгуулсан Худалдааны хэлэлцээрийн дагуу “Красный Сормов” үйлдвэрт үйлдвэрлэсэн “Бор-500” загварын хөлөг онгоц. Монголын цорын ганц хөлөг онгоц гэж болно. Тухайн үеийн ЗХУ-аас шатахуун болон бусад бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэн Хөвсгөл, Завхан, Увс, Говь-Алтай зэрэг  баруун аймгуудыг хангахад голлох үүргийг гүйцэтгэж байж. Онгоцны урт нь 43,3 м, өргөн нь 8,4 м, өндөр нь 5,7 м, жин нь 309 тн.

Хөлгийг далайн ёроолоос гаргахын тулд ОБЕГ, ЗХЖШ, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 100 гаруй албан хаагч сар гаруй хугацаанд ажилласан байдаг. Доторх ачаа болон агуулагдсан ус, лаг шаврын хамт нийт 1000 орчим тонн ачааг нуурын захад гаргаж ирсэн байна. Хөлгийг эрэг дээр гаргасны дараа Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэн “Монгол Улсын хувьд түүхэн холбогдолтой том обьектийг сэргээн засварлаад музей, үзмэр байдлаар ашиглах ёстой байх аа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон холбогдох газрууд нь хөрөнгө мөнгөө гаргаад цэвэрлэгээ, үйлчилгээ, бусад зүйлсийг нь хийхгүй бол консервны лааз шиг л хог болоод хаягдана даа” хэмээн ярьсан, анхааруулсан байдаг юм.

Хөлгийг нуураас гаргахад мэргэжлийн туслалцаа үзүүлж ажилласан Далайн захиргаа, усан замын тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч Б.Нэргүй мөн л “Миний өвөө, дараа нь аав маань энэ онгоцыг удирдаж ажиллаж байсан. Өвөө, аав хоерын ажиллаж байсан хөлөг онгоцыг нуурын мандал дээр гаргаж, мөнхийн зогсоолд нь тавьсандаа маш их баярлаж байна” хэмээн сэтгэл хөдлөн ярьсан нь бий. Гурван ч үеийн намтар түүхийг агуулсан, Хөвсгөлчүүдийн хувьд үнэ цэнэтэй, дурсгалтай, Монголын цорын ганц хөлөг онгоц. Хөлөг онгоцыг цэвэрлэж, өнгө будгийг нь сэргээгээд орон нутгийн иргэд болон гадаад, дотоодын аялагч, жуулчдад үзүүлж харуулсан шигээ суусан бол орон нутгийн төсөвт ч нэмэртэй, аялал жуулчлалын бас нэг бүтээгдэхүүн болох юм даа, уг нь.

Гэвч харамсалтай нь хөлгийг нуурын эрэгт гаргаж, “мөнхийн зогсоолд” нь тавьснаас хойш зургаан сар гаруйн хугацаа өнгөрсөн ч хөлөг далайн ерөөлд хэвтэж байх үеийн хог хаягдал, лаг шаврандаа баригдсан хэвээр. Онцгой байдлын газрын даргын хэлснээр “консервны лааз болоод хаягдсан” байна. Аймгийн засаг захиргаа, нуурын хамгаалалтынхан болоод салбарын яамныхнаас нэг нь ч гар сунгасангүй. Хөвсгөл нуураа аварч чадсан шигээ хөлөг онгоцоо ч гэсэн аварч яагаад чадахгүй гэж. Юу ч хийсэн сэтгэл дутах юм даа.

Б.ЗАЯА


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ