alim.mn | 2024.12.23
Улсын хэмжээнд нийт арван аймгийн төвд дулааны станц барих төслийн нээлт Баянхонгор аймагт боллоо

Улсын хэмжээнд нийт арван аймгийн төвд дулааны станц барих төслийн нээлт Баянхонгор аймагт боллоо. Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 35 сарын хугацаанд хэрэгжих уг төсөл нь найдвартай дулааны эх үүсвэр бий болгож, иргэдийг жилийн турш хэрэгцээний халуун усаар тасралтгүй хангах, агаарын бохирдлыг бууруулах үндсэн зорилготой.

Төсөл хэрэгжсэнээр одоо байгаа 299 зуухыг буулгаж, агаар бохирдуулагч утааг шүүх өндөр чанарын технологи бүхий орчин үеийн 10 шинэ дулааны станц, дулаан дамжуулах 88 төвийг шинээр барих юм. Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн тулгамдсан асуудлуудын нэг нь агаарын бохирдол болсон. Дээрх төслийн хүрээнд аймгийн төвд 30 Гкал/цаг хүчин чадалтай, автомат систем бүхий эх үүсвэр, 5.8 км урт дулаан дамжуулах шугамыг 26 сарын хугацаанд барих юм байна. Баянхонгор аймгийн төвд дулааны станц баригдсанаар 247 аж ахуйн нэгж, 238 нийтийн орон сууцыг найдвартай дулаан, хэрэгцээт халуун усаар тогтмол хангах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцолж байлаа.

Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, бүрэн автомат удирдлагатай, дэвшилтэт технологи бүхий дулааны станцтай болсноор нүүрсний хэрэглээ даруй 30 хувиар буурна гэж тооцжээ. Мөн орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, бүтээн байгуулалтыг дэмжих таатай нөхцөл бүрдэнэ гэж байлаа. Төслийн гүйцэтгэгч БНСУ-ын "Бюксан инженеринг" ХХК-ийн удирдлагуудын зүгээс төлөвлөгөөт хугацаандаа чанартай гүйцэтгэлийг урьтал болгон ажиллана гэдгээ илэрхийлж байв. Дулааны станцын шав тавих ёслолд УИХ-ын дарга, Эрчим хүчний дэд сайд, аймгийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөл оролцлоо.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ