alim.mn | 2024.12.23
Тэмээнд биш, төмөр замчиддаа хөшөө босгох цаг

Өнөөдөр, 2022 оны тавдугаар сарын 26-ны өдөр улсын өмнөд хил хөл хөдөлгөөн ихтэй байна. Гашуунсухайт боомтыг Ганцмодны боомттой холбох төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр оролцов. Хоёр улсын хилийг холбосон Замын Үүд боомтыг нээснээс хойш 70 жилийн дараах хилийн хоёр дахь холболтыг хийж байгаа нь энэ. Өнгөрөгч хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын цэгийг эцэслэн тохирсноор 14 жил гацсан төмөр замын царигийн маргааныг эцэслэсэн билээ.

Хэрвээ энэ маргааныг арван жилийн өмнө тасалж чадсан бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орчихсон, өнгөрсөн хугацаанд хамгийн багадаа 80 их наяд төгрөгийн борлуулалтын нэмэлт орлоготой сууж байх байлаа. Энэ бол эдийн засагчдийн гаргасан тооцоо.

Харин өнөөдөр Гашуунсухайт боомтоор Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүний (зэс, коксжих нүүрс) 50 хувийг урд хөрш рүүгээ гаргадаг. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг энэ намартаа багтаан ашиглалтад оруулж чадвал жилд дунджаар 50 сая тонн бүтээгдэхүүнийг нэмэлтээр экспортлох боломжтой. Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амлалт. Түүний дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-оос магадгүй хамгийн анх хөрсөн дээрээ буусан нь энэ байх. Боомтын сэргэлт гэж нэрлээд байгаа. Хааяа ч гэсэн хэлсэндээ байх сайхан. Тэмээнд биш, төмөр замчиддаа хөшөө босгох цаг ойрхон... 

"Авах юманд учир бий" хэмээх Ханбогдын тэмдэглэл

Бас ямар ч “изм”, “лоозун”-гүйгээр газарт бууж, газраас дээш сүндэрлэх өөр нэг том бүтээн байгуулалтын “шавыг” Ханбогдчууд Ерөнхий сайдтайгаа хамт тавив. Монгол Улсын хамгийн том алт, зэсийн орд болох Оюутолгойн ордыг эзэмшигч “Оюутолгой” ХХК-иас Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэхэд зориулж ирэх таван жилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа. Ханбогд сум Багануураас хойш 40 жилийн дараа босч байгаа уул уурхайн шинэ хот болж байна. Араас нь олон олон хот сүндэрлэн босох болтугай. “Авах юманд учир бий” гэж монгол хүний хэлдэг ийм учиртай. Өр л битгий тавиарай гэсэн үг.

Одоогоос гурван сарын өмнө буюу 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Оюутолгой төслийн Монголын талд ноогдох 2,3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, Оюутолгойн ордын гүний уурхайн эхний тэсэлгээг хийж байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн гараар товчийг дарсан. Байх ёстой цагтаа байх ёстой газраа байж чадах ч бас сайхан...

Б.ЗАЯА


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ