Жан овогтнууд Өвөрхангай аймгийн "жаргалгүй 60 км зам"-ыг засаж, орчуулагч бүсгүй нь осолд орон нас баржээ
Арвайхээрээс хүйтний хөндийн чиглэлийн 57,56 км зам буюу бидний нэрлэж заншсан "Жаргаадаггүй 60" км замын ажлыг гүйцэтгэж буй БНХАУ-ын "ЭЙЧ КЕЙ БИ ИНТЕРНЕШНЛ ХОЛДИНГ" ХХК нь найдваргүй хударгагүйгээрээ ар Халхад алдаршаад байна. Энэ компани замын ажил дээр ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, хүн хүчний хүрэлцээгүй, тэрэг техник байхгүй учраас зарим ажлуудаа монголчуудаар хийлгэдэг.
Тэгэхдээ албан ёсны гэрээ хийлгүй, Хөдөлмөрийн хууль, дүрэм, журам мөрдөхгүйгээр аман хэлэлцээр маягаар Монгол залуучуудыг урхидан ажлаа хийлгэчихээд дараа нь мөнгийг нь өгөхгүй хулхиддаг. Энэ мэт явдал Сэлэнгэ, Өвөрхангай, Говь-Алтай аймагт гарчээ.
Хятад улсын иргэн ах дүү, аав хүү, эхнэр нөхөр Жан овогтууд 2006 оноос Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Монгол улсын автозамын тендэрийн 60 гаруй хувийг хамж залгидаг.
Баян-Өлгий, Ховд, Увс, Сэлэнгэ, Говь-Алтай, Төв, Булган, Хөвсгөл, Өвөрхангай зэрэг олон аймгуудад томоохон хөрөнгө мөнгөөр зам, гүүрний ажил хийж гүйцэтгэсэн ч хийсэн ажил бүр нь чанаргүй, нурсан, эвдэрсэн, хэмхэрсэн гэх хэл амыг удаа дараалан дагуулсаар байна.
Мөн хяналт тавьдаг нэртэй Энэтхэг улсын хөрөнгө оруулалттай “Ай Си Ти сайн консалтинг” гэх хөл холбоотой, хүзүү хэрээтэй компанитайгаа дөрөө харшуулан хамтарч ажилладаг ч эцэст нь чанаргүй зам, өр хоёр л Монголд үлдсээр байна гэхэд хилсдэхгүй...
Хятадаар замаа тавиулаад, Энэтхэгээр хянуулаад байж байдаг өрөвдөлтэй, гашуун хувь заяатай ард түмэн шүү, бид.
Жан овогтууд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод хийсэн бүтээн байгуулалтын ажил дээр нь туслан гүйцэтгэгчээр ажилласан Баянцагаан компанид 700 гаруй сая төгрөгийг нь өгөлгүй, энэ асуудал шүүхээр шалгагдаж байна.
Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээрээс Хүйтний хөндийн чиглэлийн 57,56 км замын гүүр хоолойн ажлыг "Титэмт харгуйн зам" ХХК буюу Өвөрхангайн залуучуудаар хийлгэчихээд 400 гаруй сая төгрөгийг нь өгөөгүй. Гомдсон залуус шүүхэд ханджээ. Тэрчлэн 2012 онд 5,3 тэрбум төгрөгөөр Увс аймгийн Тэс сумын Нарийны голын гүүрийг барьсан ч 4 жил болоод нурж унасан аж.
Баян-Өлгий аймагт 9 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж буй төмөр бетонон гүүрний ажил нь 2021 оны 10 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх байсан боловч одоо хүртэл ажил нь дуусаагүй байна.
Арвайхээр-Хүйтний хөндий чиглэлийн 57,56 км замын ажлыг Азийн хөгжлийн банкны 13,970,000 доллар буюу 39 тэрбум 814 сая 500 мянга 500 төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэж байгаа. Гэсэн зам болсонгүй, Баянхонгор цаашлаад баруун таван аймгийнхан энхэл донхол, цоорхой замыг сүлжин туулах гэж махаа идэж, "Ямартаа л жаргалгүй 60 км зам" гэж халаглах вэ?!
Өнгөрсөн жил энэ ажил эхэлсэн хэдий ч ажлын гүйцэтгэл нь дөнгөж 30 хувьтай явж байгаа гэх.
2021 онд шинээр тавьсан 21,4 км зам нь маш олон хөндлөн хагарсан, босоо буюу зам дагуудаа цуурсан, халцарч, нүх үүссэн, автомашинтай явахад дэржигнүүртэй, сэвээтэй, зэрэг тоочоод байвал барагдахгүй, тун ч тааруухан зам тавигдсан.
Уг компанийн замын ажилд ашиглаж байгаа тээврийн хэрэгслүүд нь автотээврийн улсын үзлэг оношилгоонд ороогүй, улсын дугаар байхгүй, Хятад жолооч нар нь Монгол улсад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, Монгол иргэдтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, Нийгмийн даатгал болон бусад татвар хураамж төлдөггүй, Монгол ажилчдын амрах, байрлах байр байхгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлын ганц Монгол инженертэй, Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг мөрддөггүй, тавьсан түр замаа арчилж, усалдаггүй зэрэг тоочоод байвал барагдахгүй долоон булчирхайтай, буруу үйл арвинтай ажгуу.
2022 оны 05 дугаар сарын 05-ны үүрийн 6 цагт Арвайхээр сумаас зүүн хойд зүгт Бэрх хайрханы баруун талын зам дээр уг компаний өөрийнх нь засаж буй түр зам дээр авто осол гарч тухайн компаний орчуулагч Монгол эмэгтэй нас барсан.
Уг осол гарахад тээврийн хэрэгслийг нь "ЭЙЧ КЕЙ БИ ИНТЕРНЕШНЛ ХОЛДИНГ" ХХК-ийн хувь нийлүүлэгч Хятад иргэн жолоодож явсан. Жолоо барьж явж осол гаргасан Хятад иргэн Монгол улсад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан гэдэг.
Хятад улсын иргэн Монгол Улсад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах ёстой. Гэтэл үнэмлэхгүй хятад жолооч нар тээврийн хэрэгсэл жолоодож яваад журамлагдаж, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын журмын хашаанд Хятад компаний автомашин олноор саатуулагдсан.
Монгол иргэдийн хөдөлмөрийг мөлжигч, Жан овогтнуудын ээлжит хулхидалт Өвөрхангай аймгийн "Жаргалгүй 60 км" зам дээр үргэлжилж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ