Хэнтийчүүд ӨНДӨРХААН ХАЙРХАНАА ТАХИЛАА
Дэлгэрэх зуны эхэн сарын, дүүрэн билэгт шинийн 3-ны ерөөлт энэ өдөр хэнтийчүүд Өндөрхаан хайрханыхаа тэнгэр сахиусанд төр, түмэн олон нь хүндэтгэл үзүүлж, тахих ёслол боллоо.
Хайрханаа тайх ёс бол Монголчуудын олон мянган жилийн уламжлалт зан заншил, хүн, байгаль амь нэгтэйг өнө эртнээс таньсан өвгөдийн билиг ухааны илэрхийлэл, Монголоор овоглосон оюуны өв соёл билээ. Тахилга нь зүгээр нэг байгальд хүндэтгэл үзүүлсэн ёслол төдий зүйл бус. Энэ нь уул, усныхаа амин чанар болох лус савдагийг аргадаж, тэдэнтэй оюун санааныхаа хүчин чадлаар холбогдон харилцаж, хүн-байгалийн хүйн холбоо хэлхээг бататган дээдэлсэн чухал ёслол байдаг гэж лам нар айлддаг.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хэлсэн үгэндээ "Наран саран наадаж, тэнгэр газар эелэлдэж, төр шашин хосолж, хүн байгаль уусан нэгдэж, эрхэт тэнгэрийн дор иргэн, төр хоёр эрх тэгш болохыг ухааруулсан энэхүү тахилга ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн нутгийн зон олныхоо цаашдын үйлс бүхэн нь өөдөө байхыг хүсэн ерөөе.
Өндөрхаан хайрхан минь үеийн үед үр сад биднийгээ ивээлдээ багтааж, нутгийн зон олныхоо заяа буяныг тэгшилж явах болтугай" хэмээсэн юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ