Ц.Хулан: "Нууц амраг" Хамба Д.Чойжамц танаа
Монголын шашны тэргүүн Д Чойжамц гуайтай өчүүхэн би гуравхан зүйл дээрээс муудалцаад байгаа ухаантай. Үүнийг Танд өөрт нь болон эл асуудлыг тойрон маргаж буй лам хар олон түмэндээ хүргэе.
НЭГДҮГЭЭРТ: МОНГОЛЫН ШАШНЫ ХУУЛЬ ЯАГААД УДААШИРЧ БАЙНА? ГАДААДЫН БАШИР ТҮРЭМГИЙ НӨЛӨӨ, МАНАЙ УРВАГЧ УЛСТӨРЧДИЙГ Д. ЧОЙЖАМЦ ТА ХААЦАЙЛАХЫН УЧИР ЮУ ВЭ?
Ерөнхийлөгч Х.Баттулгын Соёл, Шашны бодлого хариуцсан Зөвлөх гэх том нэр сэтэртэй ч эрх мэдэлгүй алба тушаалд байхдаа миний бие доорх зүйлсийг олж мэдэж, зөрчилдөн ганцаардаж, хийж хэрэгжүүлсэн бөгөөд өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа эл зөрчлийг Монголын олон нийт огт мэдэхгүй талдаа яваа. Улс орон маань тусгаар тогтнолд нөлөөлөхүйц Аюулгүй байдлын хэд хэдэн чухал үзүүлэлтээ алдсан тухай ярьж бичиж, дээр дооргүй зовних болсон. Тэгвэл бас соёл иргэншлийн бие даасан байдлаа “тавиад туучих” араанд орсныг иргэд зайлшгүй мэдэх ёстой. Үйлийн үрээр холбогдсон энэ “лайтай “ сэдвээс болж Бурханы Шашинтны төв ГАНДАНТЭГЧИНЛЭН хийдийн Хамба Д.Чойжамц гуайтай далдуур зөрчилдөөд удав. Муу нуухаар сайн илчил гэдэг. Түүний үйлдэл , эс үйлдлийн тухай доорх зүйлсийг бичихдээ нутгийн биднийг муудалцуулахад хүргэсэн новшийн улстөр лүү ч би нулимаж байна .
Манай улсын төр засаг 1990 оноос хойш, Үндсэн хууль, Аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан хүн амын уламжлалт буддын шашныхаа байр суурийг асар хурдацтай алдсаар байна. Яагаад гэвэл шашны бодлогыг 1990 оноос хойш аанай л харийнхан атгаастай явж иржээ. Хуучиндаа төвдүүд монголын шашныг атгадаг бол өнөө цагт өрнөдийн улстөрийн нөлөөнд давхар орчихсон аж. Учир шалтгаангүйгээр энэ олон христийн есөн шидийн урсгал сект Монголд дэлгэрээгүй нь тодорхой. Тэднийг хязгаарлах, эрх үүрэгжүүлэх хууль журам өнөөдөр ч алга. Хаа байсан 1994 онд Төр ба сүм хийдийн харилцааны хууль баталж, харийн шашинд үүд хаалгаа цэлийтэл нээн өнөөг болтол энэ л үхээнц хуулиар явж байгаа. За шинэ хуультай болбол байдал өөрчлөгдөнө гэтэл...Шашны хуулийн төсөл бичигдээд ирэхэд л гадны Элчин сайдын яамнаас Хууль зүйн яамруу утас дуугарч болиулдаг байсныг тус яамнаас тэтгэвэртээ гарсан хэд гурван хүнээс 2018-2019 онуудад олж сонслоо.Намайг Төрийн ордонд Зөвлөх гэж суух богинохон цаг үед ч эл гадаадын нөлөө мэдэгдэхийн дээдээр мэдэгдэв. АНУ-ын Ерөнхийлөгчийн баруун гар, Төрийн Департаментын Шашны Эрх чөлөөний асуудал хариуцсан Тусгай Элчин Сайд, протестант шашны пастор Сэмюэль Браунбэк дэлхийн олон улсаар ажлын томилолт хийн аялж, Элчингүүдээрээ дамжуулан улстөрийн бодлогоо явуулж байсан. АНУ-ын бодлого юунд чиглэдэг вэ? Олон улсад Шашны эрх чөлөөг хангах нэрийн доор улс үндэстнүүдийн уламжлалт шашин, зан заншил, түүх соёлыг шашинтай нь цуг бүрэлгэх ажлыг дэлхийн 120 гаруй оронд АНУ эртнээс нааш амжилттай хэрэгжүүлсэн байдаг юм. Одоо тэдний хараанд Монгол улсын шашин онилуулсан яваа. Тэд Монгол улсыг улстөр эдийн засгийн шахаанд оруулж, улстөрчдийг худалдаж авах замаар нийгэмд гүн гүнзгий өөрчлөлт хийж хяналтаа тогтоосоор байгаа нь дор хаяж манай цахим ертөнц,телевизийн сувгууд, боловсрол, соёлын америкжан даяаршлагдсан хандлагаас харж болно.
Мөн энэ л үеэр АНУ-ын Шашны эрх чөлөөний асуудлаар МУ -ыг хариуцах томилгоотой Найчүн Чойжин гэх гүртэн, Монгол улсын иргэн болж, бүр Ерөнхийлөгч Х.Баттулгын Багш лам болоод Баянгол буудалд нь хэзээний ирж суусан байсан нь үнэхээр хоржоонтой.
1990 оноос хойш МУ-ын иргэншил авсан нэр бүхий өчнөөн олон улстөрч-төвдүүдийн үйл ажиллагааг өнгөцхөн харахад, гэм үгүй мэт. Харин алгуурхнаа явуулсан бодлого нь манай эрдэмгүй хаад ноёдын мунхралтай нийлэн найрсч, наад зах нь, монгол ламынхаа нэр хүндийг доош гулсуулсан. “Төвд л бол илжиг ч хамаагүй ренбүүчий болдог “гэх үг зүгээр нэг гараагүй. Монгол ноёдын эхнэрүүд транзит онгоц түрээслэн Энэтхэг рүү нисч ганц хоёр өдрийн сургалтаар “гэгээрцрэх ” зуураа торгоны наймаа гүйлгээд эргэдэг тансаг хоббитой. Шашин зүгээр нэг зугаа, амь зуух арга хэлбэр, зарим нэгт нь баяжиж хөлжих арга зам болжээ. Яг л үүн дээрээс Чойжамц тантай би сөргөлдөөд эхэлж байгаа юм шүү.
Шашнаа гадны элдэв дайралт, дотоодын урвалгаас сэргийлээгүй, Гандангийн хашаандаа л эргэлдэж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, дарга нэртнүүдийг хормойдон тал засч, мөнгө эрх мэдэлтэй л бол хулгайчтай ч хамаагүй Багш шавь бололцон Хамбын сэнтийгээ хамгаалсаар яваа Чойжамц Таныг хэн гэмээр юм бэ?
Өнгө мөнгө хөөсөн лам хуврагтан олширч хэтрээд ирвэл шашин ,торхтой тос лугаа дотроосоо өтөхийг Хамба Номун хан Агваанхайдавтаны бичиж сургаснаас үзэж уншсан л байх. Лам нартайгаа нийлээд шашнаа хамгаалах, цаг үеэ гэгээрүүлэх, ард олныхоо эв эеийг хичээхэд үлгэрлэх ёстой атал бүр эсрэгээр. Бурхан шашинтны төв гэх хэрнээ лам нараа үзэл урсгалаар нь хажиглан, зөвхөн шар малгайтны шашныг мандуулах гэж Чойжамц Та илтэд зүтгэдэг чинь лав л урсгал бүхнийг харшуулалгүй барих Бурханы номлол, ачит Элчин Багш Бакулагийн захиаснаас асар холд байх юм. Бодгаяад 2019 онд Ерөнхийлөгч айлчлах үеэр шар малгайтныг л цаашид хөгжүүлэх тухайгаа монгол хийд дотор та улайм цайм айлдсан. Монголын шашныг сэтгэлгээний туйл, гоо сайхны яруусал, дуун ухааны үлэмж дээд өндөрлөгт хүргэсэн Данзанравжаа ноён хутагт, Манжийн дарлалд Монгол улсаа урхидуулахгүйн төлөө тэмцсэн алтан ургийн үр- чин зоригт эх оронч Цогт Хун тайж нар улааны урсгалынх болохоор таны таалалд багтдаггүй мэт сонсдоно лээ. Монголын бурханы шашны улаан шар өнгө бол арга билгийн цогц бөгөөд нэгэнт үүсч үндэслэсэн үзэл урсгалыг нүд үзүүрлэх хэрэггүй мэт. Үүнээс ч болдог сон уу, Танаас дэмжлэггүй муусайн лам нар чинь улам л ядуурч байна. Улам л аймхай, тархай бутархай. Болохгүй бүтэхгүй болгонд лам нарыг буруутгаж, нийгэм даяар лам нарыг үзэн ядах сэтгэхүй газар авах шинжтэй. Монгол лам нарыг өмгөөлж дуугарах болгонд өөдөөс хуцдаг хүний өөрийн тэжээмэл ноход тэртэй тэргүй байна.
Энэ шашныг чинь гадаад дотоодоос нь нураах сонирхол илт байхад Гандангийн цөөн хэдэн мяндагтны санхүүгийн зөрчлөө аргалах гэж ч юм уу, дарга даамал руу гүйж явах нь инээдэм ичгүүр. Гэхдээ та мундаг аа. Багабанди, Энхбаяр, Элбэгдорж, Баттулга, Хүрэлсүх...бүгдийнх нь багш гэх тул юуг ч аргалж, өөрийг тань шүүмжилсэн муусайн лам нараа цагдаа тагнуулд барьж өгч хашраадгийг олон түмэн мэдээсэй билээ.
Таныг л гэхэд, ийм арчаагүй байхад Монгол Улс христийн шашинтай болох байхаа. Өнгөрүүлсэн агуу түүхээ үгүйсгүүлэн баллуулж, ирээдүйд Таныг ч юм уу,намайг ч юм уу, нас барахад толгойд хонх дамар дуугарахгүй, мормоны хар лам харь хэлээр дуулаад сууж байвал ямар байна? Монгол гэрийн хоёр баганыг харийнхан загалмайд тэлүүлсэн Есүс болгож урлаад чуулганы газруудаа нээсэн. Олон улсын Соёлын хуулийг уландаа гишгэсэн энэ үйлдэл бүхий л хорон ажиллагааных нь өчүүхэн илрэл. Монголчууд бид Хамбаасаа эхлээд хүлцэнгүй, үхэр малаас өөрцгүй байгаа юм хойно, бидний хохь. Та ч, сайд дарга нар ч өнгө мөнгө хөөцөлдсөөр, гал мэт цоролзож аврах бүхнээ Та бид, алдчихсан байна. Барууны эдийн засгийн алуурчлал оюун санааны алуурчлалтай зэрэгцэж шашнаа алдах дээр тулсан байхад Та, яавал насан үүрд хамбаар суух вэ л гэж өчүүхэн юм бодож явах юм.
Та төвдүүдээр дамжиж ирдэг гадны зааварт санаатай болон санамсаргүй үйлчлээд буйгаа мэддэг юм уу?Тэд Америкаас санхүүжиж, Монголын шашныг хараа хяналтдаа байлгах сонирхолтой. Тэр төвдүүд Хятад мятадтайгаа ямар дайн хийх нь бидэнд мөн л падлийгүй байх ёстой. Монголын шашин Төвд, Хятад, Орос, Америкийн алинаас ч хараат бус бие даасан шашин. Төвдүүдийг даврааж болохгүйг түүх гэрчилдэг. Төвдийн хатгаас, шашны хагарлаар Монголд эхэлсэн дайны сэжим ойрад халхын сөргөлдөөн, улмаар УВС фракц мэтээр мутацлагдан улстөр нийгмийн сэтгэл зүйд өнөө ч амь бөхтэй оршсоор л байгаа. Хятадуудаас гаралтай гэж санаж, шүгдэнчилдэг муусайн хужаад монгол шашнаа алдахгүй гэж санаж явсан иргэн Хулан, Зөвлөх Хулан болмогцоо эрдэмт лам нартай ярьж тодруулж, ном сурвалжаас хайж, төрийн баримт бяцхаан эрх мэдлийнхээ чинээгээр ухаж үзлээ.
Явж явж ШҮГДЭН хэмээх хиймэл аюулыг төвдүүд л бий болгож, лам нарыг маань, олон түмнийг маань хэд хувааж, мухар сүсгээс цаашгүй манай дээдсийг төөрөгдүүлснийг Чойжамц Та ч мэднэ л дээ, сайн бухах л байх. Төвдүүдийг элгэндээ тэвэрсэн хэр, Монгол гаралтай Гүрдаваа, Ажаа рэнбүүчийг огт халгаахгүй, нэг нь Монголд хүүхдийн хавдрын эмнэлэг бария гээд хөрөнгө гаргахад Танаар тархиа угаалгасан төрөөс ч, шашнаас ч нүүр өгөхгүй гомдоож цөлсөн байдаг.
Ардчилал ухааны юм эхлэхэд төвдүүдийн хорон үйл ажиллагааг ханатал дэлгэсэн, биднээ сэрэмжлүүлсэн монгол ламтны илгээсэн урт захидал төрийн өндөрлөгүүдэд хүрээд далд орсныг яаж ийгээд би олж уншсаан. Та л харин үл мэдэгчин явна гэж баймгүй.
Хятадуудад нутгаа булаалгасан элэг нэгтнүүдээ тэтгэх гэж Дээрхийн гэгээн Далай лам 1959 оноос хойш улстөрийн дайн хийж, гол тулгуур нь АНУ болсон. Төвд лам нар буу үүрч байлддаг, тагнуул хийж, өөр улс орныг хохироон хар амиа хоохойлдгийг монголчууд зайлуул, мэдэх ч үгүй. Өч төчнөөн ном товхимол гарсан байдаг шүү, энэ тухай, орос англи хэл дээр. Уншина гэвэл ав. Монголд ороод ирсэн төвд лам болгоныг ч бас хорчин шуналтан гэх гэсэнгүй ээ. Жадо ренбүүчий шиг ч юм уу, номт ард түмнүүдийнхээ шүтэн барилдлагыг дээдэлж явдаг ариун суртал, зөв явдалтай төвдүүд бишгүй л байгаа. Энэтхэгт ч ном шашнаа л гэсэн, Монголыг хорлохгүй сэтгэлтэй өчнөөн төвд бий. Харин америкчуудын бодлогыг шашнаар дамжуулан хийж, Монголд үйл ажиллагаа явуулж, улстөр лүү давхар цөмрөн нөлөөлдөг тэдгээр төвдүүдийг л би хэлээд байгаа юм.
Америк суртлын тархай хожгор пропагандистууд Орос, Хятадыг муу хэлж Хүний эрх гэж хуцан Монгол улс, монголчуудыг юу ч биш болгож дөнгөөд байна. Ийм хэцүү цагт эзэн биегүй шахам, өөрөөр хэлбэл төр нийгмийн самуурал гажуудлыг хүлээн зөвшөөрсний шанд сэнтий олбогноосоо 30 гаран жил өндийж босоогүй Хамбатай монголын шашин өөдлөхгүй юм байна. Монголын шашныг өмөөрөх эзэн алга. Далай ламын өндөр нас сүүдрийг далимдуулан ойр дэргэдийнх нь шашны наймаачид Монголын шашнаар тоглож байгаа.
АНУ-ын Конгресс 2020 онд л гэхэд төвдүүдэд өгдөг төсвөө үлэмж нэмж, 2021 оны төсөвт 23 сая долларын нэг хэсэг нь Монгол дахь шашны улстөрд чиглэсэн. Задаргаатайгаа надад бас л бий, та үзье гэвээс. Угаасаа америкчууд, таны гараас нь хөтлөн Могод суманд айрагдаж явсан АНУ-ын Элчин сайд ямар үйл хэрэг хийдгийг ард олноосоо нэг асуулга хийж үзээч. Монголыг Хятад Оросоос холдуулж, эдийн засгийг нь сүйрүүлж, соёл түүхтэй салшгүй явж ирсэн буддизмыг хүртэл хөрсгүй болгох барууны геополитикийн тоглолт өчнөөн жил ийнхүү явж байна. Чойжамц та мэдэхгүй байв гэж дээ. Эхэндээ би таныг улстөрөөс хол учир үнэхээр л мэдэхгүй явна гэж санасан. Лам нарын боловсрол, гэгээн тунгалаг сэтгэлтэйг нь далимдуулж хулгайч улстөрчид шашныг маань самрах нь гэж айсан. Танд ч хэлж сануулсан даа. Танд би бодит баримт олж өгч, ямар ч цаг үеийн зөвлөхүүдээс илүү шударга зоримог ажилласнаа ч мэдэж л байна. Монгол Улс хуулиа гадаадад хийлгэж, оронд нь зээл тусламж авч, гишүүд цулайж баяжиж, хамгийн өөдгүй новшнууд төрд дархлагддагийг өөрийн гараар барьж баталж, нүдээрээ тэгэхэд үзсэн би. Ц.Нямдорж ч энэ талаар ямар ч тайлбар хийгээгүй өдийг хүрлээ.
Шашны, нэг их чухал биш гэж олонхи санаж магад хууль л ингэж гадаадаас орж ирж байгаа юм чинь, аюулгүй байдлыг хохироосон ямар олон хууль зүйл заалтаараа захиалагдан орж ирсэн бол гэхээр аймаар шүү. Монголыг тэр чигээр нь Христ, Аллахын улс орон болгоход зориулагдсан тэр хуулийн төсөл ГАДААД ЯАМНААС олдсон гээд бод доо.
Зөөвөрлөсөн хүн нь ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар, одоогийн УИХ-ын гишүүн ха ха. Тэнгэр ниргээсэй, та нарыг. Ингээд ҮАБЗ-ийг шахаж шаардаж, “Судлаачдаар дүгнэлт гаргуулж баримтжуулахгүй бол ажлаа өгч хэвлэлийн хурлаар МУ-ын төр хуулиа гаднаас экспортолсон нь баригдаж булай болсныг зарлалаа шүү” гэж А Гансүх рүү асч айлгаж байж, хуралдсан. Хагас өдөр тус хуулийн төслийг авч хэлэлцээд “Ай ёстой аймаар мууухай хууль орж иржээ” гэдэгт нэр бүхий өчнөөн эрдэмтэн судлаач саналаа бичиж ирүүлж, гар хөлийн үсгээ зурсан. Энэ бүх баримтыг хувилан Ганданд, танай өрөөнд хамт олны чинь дэргэд би хүлээлгэн өгсөн дөө. Алсдаа шашныг маань улстөрчид худалдаж, өр зээлийн барьцаанд тавих бүрт энэ баримтаар зарга хийгээрэй гэж захиад үлдээсэн. Гэтэл өнөөг хүртэл та яагаад ганц ч дуугарахгүй явна вэ? Монголдоо таарсан Шашны хуультай болоё гэж шахаж шаардаач. Яагаад шашин руу чинь өнгийж, бусад улс оронд хэрэгжүүлдэг яг л тэр сценарийн дагуу, өөрсдийн шашныг чөлөөтэй нэвтрүүлэх замаар ард олны түүх соёлыг арчих юм яваад байхад таг дуугүй явнаа? Яагаад гэвэл та шашнаа өмгөөлөх лам биш, цагийн аяс, дарга сайд дагаж амьжирсан хоёр нүүртэн юм байна. Хамбын олбог чинь эх орны түүх соёл, ард олны итгэл үнэмшлээс үнэтэй юм байна. Өнгөрөгч хоёр жилд л гэхэд соёл, шашны чиглэлээр гадныхан хоёр ч том төсөл бэлтгэн хэрэгжүүлж, тэрнийг нь УИХ-ын зарим гишүүд хүүхэд, эмэгтэйчүүдийн чиглэлд шашны сургалтын элемент бүхий боловсролын хөтөлбөр лоббидон ярьж явах болсон. Шашинд далдуур санхүүжилт хийгдэж, шашны хууль тандалтанд бүгж, хэн юу гэж дуугарахыг гадныхан анаж занаж байгаа. Та лам нараа төлөөлөөд дуугараач.
Шашны хууль бол Газрын хуультай эн тэнцэхүйц, улс үндэстний амин чухал хууль билээ. Дэлхийн бүх дайн хоёр л зүйлээс үүддэг, нэгд газар нутаг, хоёрт шашны мөргөлдөөн. Элэг нэгтнүүд өөр өөр шашинд толгой зүрхээ жолоодуулбал, ялангуяа эдийн засаг, батлан хамгаалах салбарууд нь дорой бол ийм цөөхүүлээ бид тарж бутарч хэрэлдэж зодолдоод сөнөх л болно. МУ-ын Шашны хууль гадаадаас орж ирсэн нь баригдаж “азаартаад” одоодоо нам гүм байгаа ч дахин энэ хууль мөн л энэ замаар орж ирэхийг батлан андгайлая. Монголын улстөрчид газар нутгаа харийнханд сул хаяж, хээр тал, хангай говь маань сүрэг чононд гэдсээ хүүлүүлсэн өнчин гөрөөс шиг өрөвдмөөр боллоо. Ядаж ард олны түүхэн уламжлалт шашныг худалдахгүй байж болдоггүй юм уу? Баруун Европ, Латин Америк, Азийн орнууд тэр чигээрээ, үндэсний шашнаа АНУ-ын улстөр, эдийн засгийн шахалт дарамтанд өөрчлөн хэлмэгдэж, өнөөдөр гасалцгааж байна.
Наад зах нь, нэг шашны нэг тэргүүнтэй байтал америкчуул өөр нэг тэргүүн гаргаж ирж Москва Киевийн ард олныг хуваах замаар ОХУ, Украйныг байлдуулаад байгааг мэдээч ээ. Индонезийн Сукарно Ерөнхийлөгчийг 1958 онд улс орон, шашин соёлоо хамгаалсны төлөө цэрэг арми луу нь порнографийг сурталчлах өргөн далайцтай ажиллагаа оруулахыг, мөн оны 5 дугаар сарын 15 -нд сүм хийдрүүгээ үй олноор цувж байсан энгийн номхон сүсэгтнүүдийг агаараас бөмбөгдөж устгахыг АНУ-ын ТТГ-ын Нууц ажиллагаа хариуцсан дэд захирал Фрэнк Уиснер чадварлаг хэрэгжүүлсэн ганцхан жишээг л дурдчихая.
Чойжамц гуай Таныг хуучин цагт Дотоод яамнаас Ганданруу тавигдсан гэж хэлэх хүн нэг бус байдаг ч би итгээгүй. Харин 30 гаруй жилийн дотор ард олноо адгийн муу төр засагт ээлжлэн дарлуулж, ёс суртхуун устаж, Монгол юу юугүй, юм юмаар сөнөх гээд байхад Тэргүүн хамбын нэрийн өмнөөс Төр засаг руу ганц удаа ч чанга дуугарчих зориггүй, Ерөнхийлөгч нарыг зусардаж ивээлд нь явсанд чинь одоо бол, дургүй хүрч байна. Бүр мөрөөрөө явахгүй, улстөр олигархийн хүрээнээс гадаадаас захиалгатай Оройн дээд Богдыг тодруулан шашнаа, хоногийн хоолны мөнгөндөө ч татуу болсоор байгаа ард олноо доромжлоход таатай цагий нь хүлээж байгаа. Хэдэн үеэрээ ард олны итгэж найдаж Ганданд өргөсөн өч төчнөөн үнэтэй цайтай бурхдыг үрэн таран хийж,тэрхүү үрэгдэж зарагдсан соёлын өвийн нэгээхэн хэсгийг ОХУ-аас авчрах болж дуулгахад минь цахимаар өөдөөс доромжлуулж, энэ үйлдлийг өөрөө эс үйлдэв гэхэд дэргэд нь тэсвэрлэн харж суугааг чинь хараад, нээрэн магадгүй гэж санах болов, өршөөгөөрэй. Эл бүгдийг чинь би баримтаар харуулнаа.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ. 2022 оны 6 дугаар сарын 3, МУСГЗ Цоодолын Хулан
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ