Афганистанд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 1000-д хүрч, 1500 гаруй хүн шархадсан гэж Талибаны соёл, мэдээллийн хэлтсээс мэдээлжээ. Мөн тус улсын Засгийн газар олон улсын дэмжлэг хүссэн байна. Зүүн өмнөд Пактика муж байгалийн гамшигт хамгийн их нэрвэгдсэн бөгөөд НҮБ-аас хоргодох байр, хүнсний тусламж үзүүлэхээр ажиллаж буй. Хүчтэй аадар бороо орж, хүн хүч дутагдаж байгаагаас аврах ажиллагаа удааширч байгаа аж.
Газар хөдлөлтийн голомттой ойролцоох тосгонууд бүрэн сүйрч, зам харгуй эвдэрсний зэрэгцээ холбоо харилцааны антеннууд унасан тул хохирлын талаар тодорхой тоо гаргах боломжгүй, амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэнэ гэж болгоомжилж байна. Газар хөдлөлтийн хүчийг эхэндээ 5.9 магнитуд гэж багцаалж байсан ч хэмжих багажаар 6.1 магнитуд байсан нь тогтоогджээ. Газар хөдлөлтийн голомт Пакистаны хилийн ойролцоох Хост хотоос 46 км-ийн зайд байсан юм.