alim.mn | 2024.12.22
Бакула ренбүүчийн хойд дүр Монголд ирээд буцлаа
19 зууны сүүлээр Английн эрдэмтэн Пeпэй малтлага хийж саяхан Монголд залж авчирсан Бурханы лагшин шүтээн (Sharira dhatu)-г анх олжээ. Дөрвөн ширхэг байсны 2 нь Дэли хотын музейд, 2 нь Калкута хотын музейд байдаг. Харин Монголд дөрвүүлэнг нь саяхан цогцоор нь залж ирсэн билээ.
Энэтхэгийн хуулиар бол Энэтхэг орны хилээр гаргах хориотой энэхүү нандин шүтээнийг 4-үүлэнг нь ийнхүү Бакула ренбүүчи хоёр удаа Монгол орноо залж иржээ. Энэ удаа Бакула ренбүүчийн хойд дүр Монголд тэврэн авчирсан.
Sharira dhatu нь Бурханы хутгийг олсон агуу хүмүүн амьдран байсны баталгаа болохоос гадна нирвааны сайхан энeрги агуулж байдаг. Хэрэв та сэтгэлээ уур хилэн, хүсэл шунал, мунхаглал гурваас хормын төдий боловч чөлөөлж чадан хажууд нь бясалгаваас Бурхантай уулзахтай адил гайхамшгийг мэдэрч хормын төдийд агуу буяныг хурааж чаддаг бөгөөд нирваан гэж ийм гайхамшиг байдаг гэдгийг ухаарч, ариусал гэгээрлийн зүг итгэл төгөлдөр урагшлахад харанхуйд асаах зул мэт замыг заан хөтөлж, урам зориг ихийг хайрладаг гэж үздэг.

Арилсан хутагтын орны номын их элч Бакула Ринбүүчийн хойд дүр 20 дахь Бакула Ринбүүчиг /Станзин Наваан Жигмэд Вангчук/ Бэтүб Данжай Чойнхорлин хийдийн арслант ширээнээ залах шашин номын ёслол 2017 оны 07 сарын 27-нд болсон. Дээрхийн гэгээн XIV Далай ламын тодруулсан 20-р дүрийн Бакула Ринбүчи багшийг урьдын гэгээний Улаанбаатар хотноо байгуулсан Бэтүб хийдэд залах ёслолын ажиллагаа болсон юм.  Энэ үеэр “Бакула Ринбүүчи багш Бэтүб хийдийг анхлан байгуулсан учраас 20 дахь дүрийн Бакула Ринбүүчиг урьд дүрийн анхлан залсан ширээнд нь залах ёслолыг хийж буй юм” хэмээн Бэтүб хийдийн Хамба лам Ж.Дашдэмбэрэл ярьж байсан удаатай.

 Бакула Ренбүчигийн 20 дахь дүр Данзан Агваан Жигмид Ванчиг нь өдгөө 15 насыг зооглож байгаа бөгөөд Энэтхэгийн Ладакийн Нубра тосгонд эцэг Доржцэрэн, эх Сономдолгор нарын гэрт мэндэлжээ.

Дээрхийн гэгээн Далай ламтан 2008 оны хоёрдугаар сарын 26-ны түмэн өлзий бүрдсэн билэгт сайн өдөр Бакула Архадын хорьдугаар дүр тодорсныг тунхаглан зарлигдсан байдаг. Харин 2010 оны наймдугаар сарын 12-ны сайн өдөр Ладакийн Бэтүб хийдэд хутагт ширээнд нь залжээ. Ийнхүү Бакула багш эх дэлхийдээ дахин мэндэлсэн бөгөөд хойд дүр нь Монголд хоёр дахь удаагаа залран ирж, буддын шашинтнуудад мөргүүлээд буцлаа. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ