"Коронавирусээс айж байгаа хүн байна уу ?" гээд хүнсний дэлгүүрийн лангуун дээрх барааг долоож байгаа залуугийн бичлэг эхлээд Snapchat -д тавигдсан. Дараа нь Twitter-ээр цацагдсан улмаар TikTok-д орж дэлхийгээр нэг таржээ. Бичлэг дээрээ "I'm a nasty moths ******!!!" буюу "би бохир заваан өт хорхой" гэсэн утгатай үг бичжээ. Аймшигт өвчний айдас нийтийг хамарсан энэ үед олон нийт энэ үйлдлийг нь зүгээр нэг тэнэглэл гэж үзээгүй байна. Америкийн цагдаа хэрэгтнийг тэр дор нь олж тогтоон баривчилжээ. Тэрээр Миссиури мужийн Веррентон хотын 26 настай Коди Пфистер гэгч байжээ. Тэрээр хотынхоо Walmart сүлжээний дэлгүүрт орж лангуун дээрхи хүнсний барааг долоонгоо бичлэг хийж олон нийтийн сүлжээгээр цацжээ. Өдгөө түүнд танхайрсан бус харин "алан хядлага үйлдэхээр заналхийлсэн" гэх зүйл ангиар ял тулгаад байна. Улс орон даяар онцгой байдал зарласан үед ийм ёсон бус бичлэг цацсан тул хэрэг нь шууд хүндэрч байгаа аж.