alim.mn | 2024.12.22
Амралын өдөр 3 хүн голын усанд живэн амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 22-45 насны гурван эрэгтэй голын усанд осолдож, амиа алджээ.

Тодруулбал Дорнод болон Хөвсгөл аймаг, Багануур дүүрэгт гол, нуурын усанд 22, 40, 45 насны иргэд живж эндсэн бол усанд осолдсон байх магадлалтай нэг эрэгтэйг завьтай эргүүл хайсаар байна.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 9 дүгээр багийн “Задгай” Хэрлэн голын усанд 1 эрэгтэй хүн живсэн байж болзошгүй /голын эрэг дээр хувцасаа тайлж орхисон/ байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 07.03-ны өдрийн 05:00 цагаас эхлэн тус сумын 7 дугаар багийн харьяат иргэн А /22 настай, эрэгтэй/-ыг “Хэрлэн” голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 09:30 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 23 км-т “Хэрлэн” голын уснаас цогцсыг олж гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлэн өгсөн. Мөн тус аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Цэнхэр” хорооллоос урд зүгт 1.5 км-т “Хэрлэн” голд 4 том хүн сэлж байгаад 26 настай, эрэгтэй осолдсон дуудлага аваад 3-ны өдрийн 17:10 цагаас эхлэн “Хэрлэн” голын урсгал дагуу 7 км-т завьтай урсаж, голын эргээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. Өнөө өглөө  /07.04-ний өдрийн/ 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “7 дугаар худаг” гэдэг газар /Багануур дүүргээс зүүн хойд зүгт 21 км/-т гэр бүлийн 20 хүн аялж явснаас 1 том хүн “Хэрлэн” голын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 08:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 21 км замыг туулан 08:48 цагт очиж Багануур дүүргийн харьяат иргэн С /45 настай эрэгтэй/-ыг “Хэрлэн” голын усаар 30 км завиар урсаж, 8 удаа шумбаж, голын эргээр 26 км явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19:30 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 15 км зайд Төв аймгийн Баяндэлгэр сумын “Мэлз хайрхан” гэдэг газраас цогцсыг олж гарган Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид 20:40 цагт шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон “Хөвсгөл” нуурын хойд талд Хилийн цэргийн амралт /аймгийн төвөөс хойд зүгт 137 км, сумын төвөөс баруун хойд зүгт 91 км, Хатгал тосгоноос хойд зүгт 37 км/-т “Хөвсгөл” нууранд 4 том хүн сэлж байгаад 1 хүн нь осолдсон тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 12:08 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн 2 эмч нуурын усаар 41 км замыг туулан 13:39 цагт очиж “Хөвсгөл” нуур, “Онголог нуурын үзүүр” гэдэг газар нуурын эргээс 3 м зайтай, 2 м-ийн гүнээс иргэн Б /40 настай, эрэгтэй, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харъяат/-ийн цогцсыг олж гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ