alim.mn | 2024.12.23
​Б.Жавхлан: АИ-92-ийн үнэ 500-1000 төгрөгөөр өсөх бодит нөхцөл үүссэн

Сангийн сайд Б.Жавхлан АИ-92 автобензиний үнэ болон ОХУ-ын "Роснефть" компанитай хийж буй хэлэлцээрийн талаар мэдээлэл өглөө.

Сангийн сайд Б.Жавхлан: УИХ-аар бид маш чухал хууль баталсан байна. Дөрөвдүгээр сард батлагдсан хуулийн үр дүнд бензиний үнийг наадам дуустал хүртэл тогтвортой барьж чадлаа. Энэ хууль батлагдсанаар бензин импортолж байгаа компаниудад Засгийн газраас ширхэглэн баталгаа гаргаж өгөх боломж гарсан. Өмнө нь ингэж байгаагүй ч энэ удаад дөрвөн сарын төлбөрийг урьдчилж төлснөөр 25 хувийн хямдралтай үнээр газрын тосны бүтээгдэхүүн авч чадсан юм. Энэ төлбөрийг нэг дор хийхэд хөрөнгийн чадвар дутмаг байсан 17 компани арилжааны банкнаас зээл авсан. Ингэхэд Засгийн газраас баталгаа гаргаж өгөөд, төгрөгийн эх үүсвэрийг татаж, Төв банк валютын хангамж хийснээр нэг дор 109 сая долларыг ОХУ-д төлсөн байдаг. Ингэснээр дөрвөн сарын нөөцийг хангаж чадсан. Энэ бол хуулийн хэрэгжилт ямар болсныг харуулж байна.

Г.Ёндон сайдын хэлж байгаагаар дараагийн хэлэлцээр энэ хууль дээр үндэслэж байгаа.  “Бид дөрвөн сараар урьдчилж төлье. Урд нь өгсөн хямдралаа бидэнд дахиж өгөөч. Төлбөр тооцоогоо саадгүй өгнө” гэх хэлэлцээр юм. Үүнд Засгийн газраас баталгаа гаргуулаад авах бүрэн боломж бий.

Гэхдээ ОХУ-аас ямар хариу өгөх нь тодорхойгүй байна. Гадаад орчинд үнэ их өссөн. Бензиний үнийг 25 хувь хямдруулсан ч АИ-92 шатахуун одоо байгаа үнээс 500-1000 төгрөгийн дээгүүр байх төлөвтэй байна.

Дизелийн хувьд татвар төлөгчдийн мөнгөөр хязгаарлаж, үнийн зөрүүг барих ямар ч боломжгүй. АИ-92 нь нийт хэрэглээний 90 хувийг эзэлдэг учраас зохицуулалт хийхийг зорьж байгаа. Дизель түлшний хэрэглээний бүтцийг задлаад харвал 70 хувийг нь уул уурхай эзэлдэг. Уул уурхайнхан зэс, алт, нүүрс зэрэг гадаад зах зээлд оролцоод дизелийн үнээ шингээж чадахаар байгаа. Харин өргөн хэрэглээнд авто машинууд 5 хувийг эзэлдэг бол 20 орчим хувийг хөдөө аж ахуйн салбар хэрэглэдэг гэсэн юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ