Хятадын хэвлэлийнхэн Ковид19-өөр өвчилсөн Ухань хотын анхны хүнийг олж тогтоож чаджээ. Тэр нь халдвар анх тархсан гэгдэх далайн гаралтай бүтээгдэхүүний "Хуанань" захын сам хорхойн худалдагч Вей овогт эмэгтэй байжээ. 2019 оны 12-р сарын 11-нд тэрээр халуурч эхэлсэнд гэрийнхээ хажууханд байдаг эмнэлэгт очиж халуун буулгах хоёр төрлийн тариа хийлгэжээ. Гэсэн ч халуун нь буугаагүй тул маргааш нь өөр эмнэлэгт ханджээ. Тэндээс эм тариа авч хэрэглэсэн ч халуурсаар байсан тул гэртээ хэвтжээ. Сам хорхойн худалдагч нь захаасаа 500 метрийн зайд өрөө хөлсөлдөг байсан гэнэ. Удалгүй уг нийтийн байранд амьдардаг 11 хүн халуурч эхэлсэн байна. Тэд анхны халдвар тээгч Вейгийн 1-р хавьтагчид болжээ. Ийнхүү коронавирусын халдвар Ухань хотоор таржээ. Халуун нь улам нэмэгдсэн тул анхны халдвар тээгч эмэгтэй нь 2019 оны 12-р сарын 16 –нд Хаучжуны их сургуулийн дэргэдэх Ухань хотын нэгдсэн эмнэлэг болох “Сехе”-д үзүүлсэн байна. Бусад халдвар тээгчид эхний ээлжинд далайн бүтээгдэхүүний захын ойролцоох хувийн жижиг эмнэлгүүдэд үзүүлжээ. Сэтгүүлчдийн тогтоосноор коронавирусын дэгдэлт гаарсан 2020 оны 2-р сарын 23-нд дээрхи жижиг эмнэлгүүдийг бүгдийг нь хаасан гэнэ. 2019 оны 12-р сарын 31-нд Ухань хотын эрүүл мэндийн газрын мэдээгээр нийтдээ 27 хүн коронавирусын халдвар аваад байжээ. Тэдгээрээс 24 нь далайн бүтээгдэхүүний захад ажилладаг болон байнгийн худалдан авагч нар нь байсан. Бүр нэг гэр бүлийн дөрвөн хүн ч байжээ. Түүнээс гадна сэтгүүлчид далайн бүтээгдэхүүний захад хамааралгүй ч халдвар авсан анхны хүнийг мөн тогтоожээ. Уг хүн нь Уханиас 30 км зайд орших дагуул хот Цзянсид амьдардаг Чэнь овогт эрэгтэй байжээ. Тэрээр халуураад байна гэх шалтгаанаар 2019 оны 12-р сарын 16-нд хотынхоо эмнэлэгт үзүүлсэн байна. Өдгөө эдгэрсэн Чэн овогтын ярьсанаар тухайн үед тэрээр захаар яваагүй амьтантай ойртоогүй аж. Түүнийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа халдвар авсан хэмээн үзжээ.
Эх сурвалж : https://news.sina.com.cn/c/2020-03-26/doc-iimxxsth1749875.shtml