
2021 оны 12-р сарын эхээр Замын-Үүдийн гаалийн ахлахаас болон түүнээс дээш албан тушаалтнууд амралтын газартаа цайллага хийж архиджээ. Үүнд Гаалийн газрын дарга Отгонсүх, Зөрчлийн албаны дарга Бат, ахлах байцаагч Булгантамир нарын удирдах албан тушаалтнууд оролцжээ. Батжаргал, Энхбаатар, Намхай нар архи уухгүй байсан гэнэ. Оройн 23 цагийн үед эрэлч нохой хариуцсан ахлах байцаагчийг гарч ил бие засах болоход Ш.Б гэх хүн таарчээ. Гэтэл тэрээр гэнэтхэн нохой хариуцсан байцаагчийн баруун талын чих чамархай хэсэгт гараараа нэг удаа цохиж унагажээ. Цохиулсан байцаагч дөрвөн хөллөөд унахад толгой, ар хэсэгт, мөн баруун гуя, баруун хөлний шагай, шилбэ, нуруу зүүн хөл рүү нь цохиод, өшиглөөд “нохойны п...даг алчихая” гэж хэлэх нь сонсогдсон. Зодуулсан байцаагч гэр лүү зугтааж үүдэнд нь ахлах байцаагч Б-тай тааралдаад “албаны даргад чинь зодуулчихлаа шүү дээ” гэтэл “чи намайг зодчихоод ийшээ ороорой” гэж хэлээд ахин цохиж өшиглөжээ. Ам хамраас нь цус гарч гарын алга нь дүүрсэн гэнэ. Зодуулсан байцаагч нохой хариуцдаг тул гадуурхагдсан гэж гомдолложээ. Энэ зодооноос мөрдөн байцаалтанд Ш.Б-гийн хэрэг хэрэгсэхгүй болжээ. Шүүх саяхан энэ хэргийг шийдвэрлэж Б-г хүний биед хөнгөн гэмтэл учруулсан хэмээн 500 мянган төгрөгөөр торгожээ. Нэг орой хоёр удаа “гөвшүүлсэн” азгүй хохирогчид нэг сая төгрөг өгсөн гэнэ.