2019 оноос эхэлсэн “Монкорд” ХЗХ-ны удирдлагын удтал дуншсан хэрэг шүүхээр шийдвэрлэгдээд эхэлжээ. 2019 оноос эхэлсэн энэ хоршооны дампуурлын хэрэгт 4500 гишүүн нь 22 орчим тэрбумаар хохирсон гэж шуугисан. Тэгвэл гүйцэтгэх захирал асан М.Дэлгэрмаа нь дүрмийн сангийн 900 сая төгрөгнөөс 152 саяыг завшсан, Мал хамгаалах сангаас малын тэжээл оруулж ирэх нэрээр 900 сая төгрөгний зээл хуурч авсан, Б.Дэлгэрмаа, О.Ананд, Л.Золзаяа, М.Рита нартай хуйвалдан дөрвөн гишүүний нэрээр хуурамч зээлийн гэрээ хийсэн гэх хэрэгт яллагдсан. “Монкорд”-ын жинхэнэ эзэн нь солонгос хүн агаад 2008 онд 200 сая төгрөгөөр худалдан авчээ. М.Дэлгэрмаа нь эхлээд нягтлангаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирал болон дэвшсэн байна. Эзэн нь Монголд байдаггүй тул сар бүр орлого, санхүүгийн тайлан балансыг имэйлээр авдаг байжээ. 2010 онд дүрмийн санг 400 сая болгож нэмэгдүүлсэн. Хоёр жилийн дараанаас cap бүрийн тайлан мэдээ цагтаа ирэхээ больж, зээлийн хүүгийн өр, төлөгдөөгүй зээл хуримтлагдаж эхэлжээ. Эзэн нь судлан үзэхэд дандаа Дэлгэрмаагийн хамаатан садангууд зээл авсан байсан гэнэ. 2015 онд өр, төлөгдөөгүй хүүгийн хуримтлал бүр 70 саяд хүрэхэд гүйцэтгэх захирал эдийн засгийн хямрал, иргэдийн төлбөрийн чадварын уналттай холбон эвтэйхэн тайлбарлаад өнгөрчээ. 2016 онд шинэ шаардлагын дагуу дүрмийн санг 800 сая төгрөг болгоход шинээр Солонгос улсын иргэн Жо Хён Жүүн нэмэгдэн хоёр эзэнтэй болсон. Энэ онын сүүлээр төлөгдөөгүй хүүгийн хуримтлал 120 сая болоход эзэд Монголд ойр ирдэг болжээ. Мөн барьцааны гэрээгүйгээр 112 сая төгрөг гарч Дэлгэрмаагийн хувийн дансанд орсон нь илэрчээ. Тэрээр үүнийг мөнгөний хэрэг гарсан тул зургаан сар хэрэглэхээр авсан гэж тайлбарлажээ. Зээлээ төлөөгүй 19 том зээлдэгчийг итгэлтэй монгол хүнээр шалгуулахад зээл авснаа ч мэдээгүй олон хүн гарчээ. Солонгос эзэд маапааныг нь шалгаж эхэлсэнийг мэдсэн Дэлгэрмаа зээлийн ажиллагаанд дундаас орлоо гэж бухимдаад тэр өдрөө өнөөх зээлийн гэрээнүүд, бусад баримт бичгийг аваад явжээ. Ийнхүү солонгос эзэн монгол гүйцэтгэх захирал хоёр зам салах нь ойлгомжтой болжээ. Гэтэл Дэлгэрмаа довтолж эхэлсэн байна. Тэрээр нөхөр, дүү бас нятглангаа дагуулан ирж “ Та 2008 оноос хойшхи Монголоос авч явсан 790 сая төгрөгтөө 150 саяын татвар төлөөгүй. Татварыг хасаад 14 зээлдэгчийн 850 саяын дүнтэй зээлийн гэрээг хүлээж ав, авахгүй бол СЗХ-нд мэдэгдэж үйл ажиллагааг зогсоолгоно” гэж сүрдүүлсэн гэнэ. Ийнхүү “Монкорд” ХЗХ-ны дампуурах зам руугаа оржээ. Солонгос эзэд санхүүгийн баримт гэрээнүүд хуурамч, СЗХ-нд өгсөн тайлан мөн хуурамч, бидэнд ирүүлдэг тайлан ч мөн худал байсан гэжээ. Тэдний оруулсан хөрөнгө болох 850 сая төгрөг алга болж, татвар нийгмийн даатгалын өртэй, данс нь битүүмжлэгдсэн ХЗХ, түүн дээр хамгийн аймшигтай нь мөнгөө нэхсэн гишүүд л үлдсэн. Мөн МХС-гаас 900 саяын зээл авахдаа “Мончингистэй” компанийн захирал М.Тогоог хөөрхөн “хошгируулжээ”. М.Дэлгэрмаа “...хоёр тэрбумийн зээл байна, авахын тулд барьцаа хэрэгтэй, чи үл хөдлөх хөрөнгөө тавьчих, тэгээд 500 саяыг нь чи ав” гэжээ. Тэгээд Хаан банкны зээлийн үлдэгдлийг нь төлж өгөөд барьцаанд тавиулаад зээл авчээ. Гэсэн ч амласан 500 саяа өгөлгүй, 840 саяыг нь хоршооны хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийн хүүнд төлөөд дуусгажээ. Хөөрхий солонгосчуудыг ганц гүйцэтгэх захирал ч залилаагүй аж. “Монгол Пасифик” ББСБ-ын нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Уянга нь өөрийн эзэмшлийн “Калкюлүс” компанитай мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан юу ч хийгээгүй атлаа “Монгол Пасифик”-ийн санхүүгийн үйл ажиллагаанд мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн гээд 18,7 сая төгрөгийг нь авчихжээ. Шүүх саяхан “Монкорд”-ын хэргийг хэлэлцээд гүйцэтгэх захирал асан М.Дэлгэрмаад 20,4 сая төгрөгийн торгууль, хоёр жил хорих ял оногдуулжээ.