Коронавирусын дэгдэлтэнд хүчин мөхөсдөөд байгаа үед дэмжлэг үзүүлэхээр илгээсэн Оросын тусламжинд сэтгэл дундуур байгаагаа италичууд илэрхийлжээ. Оросын тусламжийн 80 хувь нь өвчинтэй тэмцэхэд тодорхой хувь нэмэр, ач холбогдолгүй эд зүйлсээс бүрджээ. Тусламжийн ихэнхи хэсэг нь том орон зайг халдваргүйжүүлэх зориулалттай, ашиглахад ихээхэн хүн хүч шаарддаг цэргийн нүсэр том аппарат, багаж хэрэгсэл эзэлж байгаа гэнэ. Гэтэл хажууд нь Хятад нэн тэргүүнд хэрэгцээтэй шаардлагатай байгаа амны хаалт, хамгаалалтын хувцас хэрэгсэл, эм тариа, амьсгалын аппарат зэргээр тусалсан. Түүнээс гадна Оросын илгээсэн 100 мэргэжилтний дунд эмч, эмнэлгийн ажилтнууд маш цөөн, ихэнхи нь хошууч, хурандаа генерал зэрэг цэргийн том цолтой албан хаагчид аж. Тэд Италийн эмнэлгүүдэд ажиллаж туслахын оронд тус улсад байдаг НАТО-гийн цэргийн бааз хавиар эргэлдэх болжээ. Бас нэг бэрхшээлтэй зүйл гарсан нь тусламжийн барааг ашиглах талаар Оросын ЭМЯ-тай бус харин БХЯ-тай нь харилцах шаардлага гарчээ. Энэ нь Италийн ЭМЯ-нд ихээхэн хүндрэл чирэгдэл учруулж байгаа гэнэ. Италийн нэгэн улстөрчийн мэдэгдсэнээр Орос нь тус улсад дэгдсэн коронавирусын хүнд нөхцөл байдлыг өөрийн улстөрийн зорилгодоо ашиглаж байгаа аж. Путин нь туслахаасаа илүүтэйгээр НАТО-гийн гол гишүүний нэг болох Италид Оросын нэр хүндийг өсгөж, байр суурийг бэхжүүлэх зорилготой ажиллаж байгаа гэнэ.