Өнгөрсөн оны 2-р сард БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Шинжлэх ухаан технологийн сангаас нийт 4000 орчим судалгааг 150 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн дүн байна. Гэвч ийм өндөр дүнгээр хийсэн судалгааны хэд нь эдийн засгийн эргэлтээр орсон, патент болсон, инноваци болсон, бодитой суурь судалгаа болсонг үзэхээр муу үзүүлэлтүүд байдаг” хэмээн мэдэгдсэн. Тус сан нь судалгаа шинжилгээг үр дүнгүй санхүүжүүлдэг бол харин ТББ-уудыг “үр ашигтай” санхүүжүүлж иржээ. Үүний нэг жишээ нь “Холимог сургалтын институт” хэмээх ТББ юм. Нэрнээс нь харахад л сургалт явуулдаг нь ойлгомжтой. Гэтэл сан нь “Шинжлэх ухаан, технологийн тухай хууль”-ийн төсөл боловсруулах гэдэг том бөгөөд хариуцлагатай мөн өндөр өртөгтэй буюу 75 сая төгрөгийн ажлыг тус ТББ-д өгчээ. Өгөхдөө нээлттэй тендер зарлалгүйгээр, цахим хуудсанд тендерийн урилгыг зарлан мэдээлэлгүйгээр тун нууцаар өгсөн байна. Иймэрхүү төрлийн нууц ажиллагаа дампуурдаг жамтай. Одоо сан нь нотлох баримт ажлын тайлан хүлээж аваад сууж байна. Энэ ч аргагүй. Хуулийн чиглэлээр ажилладаггүй сургалтын төвөөр хуулийн төсөл боловсруулах ажил хийлгэсэн хойно энэ нь ч аргагүй. “Холимог сургалтын институт” ТББ нь төрийн байгууллагуудтай өндөр өртөгтэй гэрээ байгуулахдаа сурамгай аж. 2020 онд УИХ-тай 25 сая төгрөгийн гэрээ байгуулж байжээ. 2-3 жилийн дараа гэрээний мөнгөн дүн нь өссөөр Шинжлэх ухаан технологийн сантай 75 сая төгрөгөөр тохирсон байна. Тус ТББ нь 2015 онд байгуулагдсан агаад үүсгэн байгуулагч нь Н.Дуламсүрэн, С.Батболд нар гэнэ. Хуулийнхан сангийн удирдлагаас 75 сая төгрөгийн ажлыг тендер зарлалгүйгээр ТББ-д өгсөнийг нь асуух хэрэгтэй болжээ. Үүнээс гадна “Салбарын эрдэм шинжилгээний байгуулагуудын шинжлэх ухаан, технологийн төслийн гүйцэтгэлд мониторинг хийх, асуудал шийдлийг тодорхойлох, дүгнэлт гаргах судалгааны ажил”-ын гүйцэтгэгчээр мөн л ТББ болох “Эжайл төслийн удирдлагын төв”-ийг 70 сая төгрөгөөр гүйцэтгүүлэхээр шалгаруулж, нотлох баримт дутуу ажлын гүйцэтгэл хүлээн авч санхүүжилт олгожээ.