Ийм нэгэн ноцтой залилангийн хэрэг гарчээ. Хотын такси үйлчилгээд 1999 оноос явж эхэлсэн “Хүрээ такси” компанийн талийгаач эзэн нь 2007 онд Төв аймгийн Баянчандмань сумын Мянган хурган гэх газарт сүүний үхрийн чиглэлээр үнээний ферм байгуулж эхэлжээ. Урдаас 60 ширхэг эм гунж оруулж ирсэн байна. Улмаар үхрийн тоог олшруулж фермээ өргөжүүлээд стандартын дагуу сендвич талаас доош нь тоосгон ферм байгуулсан. Мөн гурван айлын ажилчдын орон сууц, худаг, 380 цахилгаан дэд станц, малын тэжээлийн агуулах гээд тэр хавьдаа хамгийн орчин үеийн ферм болжээ. Нийтдээ 70 га газартай, 120 толгой үхэр, трактор дөрөв, ковш, юниверсал болон пад трактор, 10 тоннын чиргүүл, дарш хураагч комбайн, трактор, нэг га услалтын системтэй гээд одоогийн үнэлгээгээр 2-3 тэрбумаар үнэлэгдэх байжээ. Гэтэл 2019 оноос захирлын бие өвдөж улмаар Монголд эмчлэгдэх боломжгүй гэжээ. Гадаадад эмчлүүлэхийн тулд маш их хөрөнгө хэрэгтэй тул үнээний фермээ нэг тэрбумаар зарахаар шийджээ. Эмчилгээндээ яаралтай орох шаардлагатай байсан тул маш хурдан зарахаар шийдэж Үнэгүй.мн, миний зар, зар мэдээ, шуурхай зар, 1950, ТВ25, ТВ9 гэх зэрэг зар тавих боломжтой газарт зар өгчээ. Энэ үед хөөмийч Н.Наранбадрах гарч иржээ. Тэрээр “би Монголыг төлөөлж дэлхийд хөөмийгөөр нэрээ гаргасан, надад фермийн аж ахуй эрхлэх ажил санаанд багтаад байгаа юм” гэжээ. Мөн “манай эхнэрийн эгч нь банкны зээл хариуцдаг, зээл бүтэх л юм бол 14-30 хоногийн дотор шууд мөнгөө бэлэн өгнө” гээд үнээ буулгаач гэхэд нь 800 саяд тохирчээ. Хэд хоногийн дараа хөөмийч залгаад “зээлийн хэмжээ их тул үл хөдлөхийн гэрчилгээгээ миний нэр дээр шилжүүлж өгвөл банк барьцаална гэнэ” гэхэд нь “Хүрээ такси”-ний захирал эхлээд 30 саяыг өгөхийг шаарджээ. Удалгүй хөөмийч газрын татвар, цахилгаан төлсөн, ус, хогний мөнгө төлсөн баримтыг шаардаж авсан байна. Дараа нь газрыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг ахин хүсэхэд “үнэхээр худалдаж авах нь” гэж итгээд эмнэлэгт дууджээ. Хөөмийч нотариат дагуулан иржээ. Тухайн үед “Хүрээ такси”-ний захирал босож чадахгүй байсан тул эхнэр нь өмнөөс гарын үсэг зуржээ. Ердөө маргааш нь хөөмийч нягтланг нь дагуулан Төв аймгийн Баянчандмань сум орж газрын даамалаар фермийн газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авчээ. Хэд хоногийн дараа өнөөх нягтлан фермийн бүх хөрөнгө, мал сүргийг хөөмийчийн эхнэр Д.Болормаад тоолж хүлээлгэн өгсөн. Энэ зуур хөөмийч фермийн ажилчдын байр, тугалын байр, үнээний байруудыг өөрийн нэр гэрчилгээжүүлээд авчихсан байсан гэнэ. Ийнхүү том ферм хөөмийчийнх болжээ. Ингээд хөөмийчийг зээл аваад мөнгөө өгөхийг хүлээсэн ч “Хаан, Хөгжлийн банкинд материалаа өгсөн, өнөө маргаашгүй бүтнэ, ирэх долоо хоногт гарна, хэдхэн хоног хүлээгээрэй” гэх зэргээр элдэв шалтаг хэлэн хойшлуулсаар байжээ. Сүүлдээ “би уул, уурхайн компанитай, хятад түнштэй, удахгүй хөрөнгө оруулалт орж ирнэ, таньд өгөх мөнгө ердөө 300 мянгахан доллар шүү дээ” гэх зэргээр аргалах болжээ. Энэ зуурт эмгэнэлт явдал болж эмчилгээний мөнгөгүйн улмаас гадагшаа явж чадаагүй компанийн эзэн нас баржээ. Харин энэ үеэс хөөмийчийн харьцаа эрс өөрчлөгдсөн гэнэ. Талийгаачийн эхнэрт "Энэ наймаа чамд хамаагүй, талийгаач нөхөр чинь амьд байхдаа надад наймаа буцахгүй гэсэн. Би энэ фермийг чамд өгөхгүй" гэж шууд хэлжээ. Талийгаачийн эхнэр ферм дээрээ очиход ихэнхи машин техник, тоног төхөөрөмж болон үхэр сүргийх нь талаас илүү нь алга болжээ. Хаан болон Хөгжлийн банкнаас тодруулахад иргэн Н.Наранбадрах болон Д.Болормаа нь зээлийн хүсэлт огт гаргаагүй гэжээ. Ингээд “Тухайн үед талийгаач нь хүнд өвчтэй, гадаад руу эмчилгээ хийлгэх шаардлагатай болж их хэмжээний мөнгөний хэрэгцээ гарсан тул фермээ зарах гэсэн. Хэрэв Н.Наранбадрах хуурч мэхэлж, залилаагүй бол эмчилгээгээ хийлгээд өдийд эрүүл саруул байх байсан” хэмээн цагдаад ханджээ. Мөрдөн байцаалтын үед Хаан болон Хөгжлийн банкны “зээл олгох боломжтой” гэсэн албан тоотыг хуурамчаар үйлдсэн П.Өсөхбаярын хэрэг илэрсэн байна. Саяхан Төв аймгийн шүүх хөөмийчийн залилангийн хэргийг хэлэлцээд зургаан жилийн хорих ял оноожээ. Тэрээр хохирогчид ердөө 12 сая төгрөг л төлжээ. Мөн шүүхийн шийдвэрээр 2,4 тэрбум төгрөгийг хохирогчийн талд төлөхөөр болжээ.