Манжийн сүүлчийн эзэн хааны зүүж байсан цаг 6.2 сая ам.доллароор зарагдав
Чин улсын сүүлчийн эзэн хааны зүүж байсан “Patek Philippe” цаг Хонгконгт болсон дуудлага худалдаагаар 6.2 сая ам.долларын үнээр зарагджээ.
Айсингиоро Пү И 1945-1950 оны хооронд ЗХУ-ын шоронд хоригдож байхдаа энэ цагийг өөрийн орчуулагч, дотнын найз Георгий Пермяковд дурсгасан аж. Харин Пү И 1937 онд бүтээгдсэн тус цагийг хэзээ, хэрхэн өөрийн болгосон нь тодорхойгүй байдаг.
Манжийн сүүлчийн хааны эдэлж явсан цаг гэх ховор түүхийг агуулснаас гадна дэлхийд ердөө найман ширхэг бүтээгдсэн гэдэг утгаараа “96 Quantieme Lune” загварын энэхүү цаг асар үнэ цэнтэй байх нь ойлгомжтой юм.
Түүнчлэн Пү И Токиод байхдаа өөрийн гараар дээр нь дурсгалын үг бичээд орчуулагчдаа бэлэглэж байсан улаан цаасан дэвүүр мөн тус дуудлага худалдаагаар зарагдаж, 77.8 мянган ам.долларын үнэ хүрсэн байна.
Сонирхуулахад, 2016 онд Францад болсон Drouot дуудлага худалдааны үеэр 18 дугаар зууны Манж Чин улсын эзэн хааны тамга $22 саяын үнэ хүрсэн нь. Энэ нь анхны төсөөллөөс 20 дахин өндөр үнэ болсон байна.
Улаан хаш чулуугаар есөн луу ороож хийсэн энэхүү тамгыг 1736-1795 оны хооронд Манж Чин улсыг захирч байсан Тэнгэрийг тэтгэгч хаан (Чяньлун) хэрэглэж байжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ