ХЗДХ-ийн сайд Францын “Орано групп”-ын төлөөлөгчидтэй уулзав
Монгол Улсын Засгийн газар уран үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, цөмийн эрчим хүчний салбарын гол тоглогч Орано компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийг өнгөрөгч сард байгуулсан.
Ураны ордын хөрөнгө оруулалт хийгдэж, үйлдвэр ашиглалтад орсноор эхний жилд 750 тонн, цаашлаад хүчин чадлыг үе шаттай нэмж 5 жилийн дараа жилд 2500 тонн нунтаг олборлох төлөвлөгөөтэй. Ураны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засаг, цаашлаад бүс нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна. Мөн хаягдлыг импортлогч орнууд бүрэн хариуцах юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Франц улсын “Орано групп”-тэй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг “Орано групп”-ийн төлөөлөгчидтэй уулзлаа. Тус “Орано майнинг” ХХК-ийн Монгол дахь төлөөлөгч Оливиер Түмир Зөөвч-Овоо төсөл нь байгаль орчинд ээлтэй, хөрс эвдэхгүй гэдгийг хэллээ.
“Орано групп”-ийн зүгээс хөрөнгө оруулалтын гэрээний эхний загварыг:
• Хөрөнгө оруулалтын тодорхойлолт, хамгаалалт
• Эдийн засгийн орчны тогтвортой байдал
• Байгаль орчны хамгаалал ба бүс нутгийн хөгжил
• Санхүүгийн менежмент
• Хуулийн нэр томьёо ба нөхцөл гэсэн таван үндсэн бүлэгтэй байхаар төлөвлөжээ.
Монгол Улсын Засгийн газар талууд харилцан ашигтай байх зарчим баримталж байгаа бөгөөд Монгол ажилчдыг мэргэшүүлэх, уурхай ажиллаж явцад ажилчдыг түр кэмпэд байрлуулах биш тухайн бүс нутгийн хөгжлийг дэмжиж орон сууц бүхий суурьшлын бүс байгуулж, гэр бүлтэйгээ амьдрах орчин бүдүүлэх, говийн бүсийн экосистемийг алдагдуулалгүй байгаль орчны нөхөн сэргээлтэд онцгой анхаарах заалтуудыг тусгахаар ажиллаж байна.
Монгол талын албаны улсын тавьсан саналыг хүлээн авч, “Орано майнинг” ХХК-ийн зүгээс Монгол Улсын томоохон их, дээд сургуулиудтай хамтран мэргэжилтэн бэлтгэх ажил эхлүүлжээ. Эхний ээлжинд багш нарыг сургах болсон байна. Мөн уурхай хаагдсаны дараах байгаль орчны нөхөн сэргээлтийн зардлыг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах болсноо хэллээ.
Түүнчлэн Сайншанд, Зүүнбаян, Улаанбадрах зэрэг суурин газрыг түшиглэн монгол ажилчдын амьдрах хотхон, дэд бүтцийг байгуулах боломжтойг ярилцлаа. Хөрөнгө оруулалтын гэрээг 2023 онд үзэглэвэл 2024 онд хөрөнгө оруулалтыг шийдэж, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгээд 2028 оноос үндсэн олборлолтоо эхлүүлэх юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ