alim.mn | 2024.12.23
Говь гурван сайхан уулын Их тахилгат хайрхны тэнгэрийг тайх ёслол болов
Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын Зүүнсайхан ууланд орших Их тахилгат хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр болов.

Тахилгын ёслолын өмнөх орой лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрд тахилгын ном хурав.

Их тахилгат хайрхны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв.

Дараа нь хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Өмнөговь аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, уул овооны тэнгэрийг тайх ёслол нь түүх соёлын өв, төрт ёсны гүн уламжлал шингэсэн эрхэм нандин зан үйл гэдгийг тодотгов.

Мөнх хөх тэнгэртээ сүсэлж, хөрст дэлхийгээ шүтэн, байгальтайгаа эвсэн найрсаж, уул ус, ургамал модоо амьтай, эзэнтэй хэмээн хайрлан дээдэлж ирсэн нүүдэлчин монгол түмний соёл иргэншлийн гайхамшиг, давтагдашгүй онцлог гэдгийг хэлэв.

Байгаль эхээ хайрлан хамгаалж аж төрөх монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн дээдэлж, ой, усны нөөцийг нэмэгдүүлэхэд хүн бүр хувь нэмрээ оруулахын чухлыг тэмдэглэв.

Мөн “Говь нутаг өрнүүн хөдөлмөр, их бүтээн байгуулалтын талбар болж, улс орны хөгжил дэвшил, хүн ардын амьдралд бодитой хувь нэмрээ оруулж, урагшлах урам зориг, дэвжих итгэл найдварын өлгий болж байна.

Өмнийн говийн зон олон  нутгийнхаа эрдэс баялгийн хишиг буяныг хүртэж эхэлснээр нутаг орноо хөгжүүлж, амьдрал ахуйгаа өөд нь татан, улс орон, ард түмнийхээ хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй аймаг” гэлээ.

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа туульч Алтайн магтаал хайлав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр Их тахилгат хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар  хүлээлгэн өглөө.

Дараа нь Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд Буман цагаан судар, Их тахилгат хайрхан уулсын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншиж, мандал өргөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, Монгол Улсын даяар дуурсагдах мэргэн Ж.Баттөмөрт  хүлээлгэн өгч, тус аймгийн Хүрмэн сумын Хүрмэн багийн малчин Г.Нямдоржийн адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэв.

Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Өмнөговь аймгийн далбаа, Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Их тахилгат хайрхны тэнгэрийг тайх гуравдахь удаагийн төрийн тахилгын ёслол өндөрлөв.

Говь гурван сайхан уулын Их тахилгат хайрхны тэнгэрийг Өгэдэй хааны  үеэс тахиж байсан түүхтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны 153 дугаар зарлигаар Говь гурван сайхан уулын Зүүнсайхан ууланд орших Их тахилгат хайрхныг төрийн тахилгатай болгосон юм.

Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос баруун тийш 180 километр цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан хэмээх гурван том нурууг Говь гурван сайхан уул гэдэг.

Хамгийн өндөр нь Зүүнсайхан уул бөгөөд далайн түвшнээс дээш 2,846 метр. Энэ ууланд Ёлын ам, Мухар шивэртийн ам, Улиастай ам, Тосонгийн ам, Дүнгэнээгийн ам зэрэг үзэсгэлэнт газар олон.

Баруунсайхан ууланд 400 сая жилийн өмнөх мантийн чулуулаг ил гарсан сонин тогтоц бүхий газар байдаг. Үүнээс гадна дөрөвдүгээр сарын сүүлээр монгол сакура буюу бүйлс цэцэглэдэг юм.

Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрыг 1993 онд байгуулж, Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумын нийт 2,700 орчим га талбайг хамруулжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ