Хөгжлийн банкны өрөнд 75 байр өгч, өөртөө 700 байр үлдээсэн үү?
Хөгжлийн банкны шүүх хурал манай төрийн өндөр албан тушаалтнууд ямар илүү эрх дарх эдэлдэг, банкны зээл яаж "сул асгарсан сувд шиг" байдгийг харлаа. Тэгсэн мөртлөө ипотекийн зээлтэй, утасны төлбөрийн өртэй нөхдөд арилжааны банкнаас зээл авна гэдэг хаднаас хатуу, тэнгэрээс хол. Банкнаас зээл авах шаардлагагүй баян гэдгээ баталж байж арай гэж 10-20 сая, үсрээд л 100-200 саяыг авна. Харин Хөгжлийн банк манай УИХ-ын гишүүдийг мэдээгүй байхад л эхнэрт нь, туслахад нь зээл өгөөд, 10-100 тэрбумыг зүгээр бөмбөг шиг шиддэг ажээ. Хөгжлийн банкны шүүх хурал дээр авахгүй гэхэд албадаад зээл өгсөн тухай ам алдах хүн ч гарлаа. Тиймээс "Хөгжилтэй банк"-ны шүүх хурал гэх болсон.
Хөгжлийн банкнаас зээл авсан, бизнесмэнүүд яагаад улс төрд орох, албан тушаал, эрх мэдэлд хүрэх гээд үхэлдээд байдгийн учир "Шинэ Яармаг төсөл"-өөс харагдана. "Шинэ Яармаг" дээр экс ерөнхийлөгчийн нэр их дуулдана, Ц.Ууганбаяр хэмээх нэр ч гарна. Ц.Ууганбаяр бол том улстөрчийн гарын хүн.
Иргэн Ц.Ууганбаяр 2012 онд 100 сая төгрөгөөр Яармагт газар худалдаж авчээ. Газрын гэрчилгээ гарснаас хойш ердөө хоёр хоногийн дараа уг газраа Хөгжлийн банканд барьцаалсан байгаа юм. Дугаар хорооны иргэн Ууганбаяр бол үүнийг хэзээ ч хийж чадахгүй. Тэгэхээр нэг "том, урт" гар нөлөөлөсөн байж л таарна. Тэгэхэд Монгол Улсын хөгжлийн банк зүгээр л 20 настай, бизнесийн хүрээнд үзэгдээгүй "жараахай"-ны 100 сая төгрөгийн үнэ бүхий газрыг барьцаалж, 50 сая ам.доллар зээлжээ. Үүнээс хойш 11 жил өнгөрлөө...Хөгжлийн банкны дуулиан эхэллээ, шүүх хурал болж, иргэд ч энэ асуудалд анхаарч эхлэв.
Бизнесийн хүрээнд нөлөөтэй, суусан газраасаа шороо атгадаг, авсан албан тушаалаасаа мөнгө ургуулах шахдаг хүн 50 сая ам.долларыг 11 жил эргэлдүүлжээ. Асуудал өндрөө авангуут энэ оны эхээр өрөө барагдуулаад дууссан гэх.
Одоо Хөгжлийн банк "Шинэ Яармаг" хотхоноос өрөндөө бодон авсан 75 үл хөдлөх хөрөнгийг борлуулах гэж байна. Харин Ц.Ууганбаяр болон эзэнд цаана нь 700 үл хөдлөх үлдсэн гэж яригдахаар бодоход Итгэлт Баяны ухаан ч энд дэндүү жижигдэнэ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ