
Өдгөө 68 настай Г.Амарбат нь “Эрдэнэт” үйлдвэрийн худалдааны хэлтсийн даргаар 2010-2013 онд ажиллаж байхдаа зэсийн баяжмал худалдан авдаг “Трафигура Бехеер Амстердам” (Trafigura Beheer B.V Amsterdam), “Таурус Металс” (Taurus metals) компаниудаас нийт 678 мянган доллар буюу 968 сая төгрөгийн хахууль авсан, мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2014 онд Латвийн Ритуму банк (Rietumu banka)-нд харилцах данс нээсэн, тус дансанд 570 мянган евро буюу 1,7 тэрбум төгрөгийг эзэмшиж, нуун далдалсан, угаасан хэрэгт холбогдсон. Эрдэнэт үйлдвэрээс нийтдээ 28 гаруй трейдер компани баяжмал худалдан авч цаашаа борлуулдаг гэнэ. Гэрээт трейдерүүдийн тээвэрлэлтийн хувиарийг худалдааны хэлтсийн дарга буюу Г.Амарбат боловсруулдаг. Хуваарь батлагдсан бол өөрчлөлт оруулахгүй, хуваарийн дагуу тээвэрлэлтийг зохион байгуулах ёстой. Эхлээд 95 хувийн урьдчилгаа төлбөр орж ирсэн байж ачилт хийгддэг. Трейдер компаниуд зэсийн баяжмалаа цаашаагаа борлуулдаг тул хуваариас түрүүлж ачуулах гэх тохиолдол байнга гардаг байжээ. Тэгвэл хуваарьт өөрчлөлт оруулах эсэхийг зөвхөн Худалдааны хэлтсийн дарга л шийддэг.
2022 оны 12-р сарын байдлаар Г.Амарбатын Латвийн банкан дахь хувийн данс 540 мянган еврогийн үлдэгдэлтэй байжээ. Шүүх түүний насан өндөр зэргийг харгалзан үзээд 40 сая төгрөгөөр торгож, зорчих эрхийг найман сараар хязгаарлажээ. Мөн гадаад банкин дахь еврог улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.