Б.Хурц гэж нэгэн биед баймгүй шидтэй хүн байна. Тагнуулын ерөнхий газрын дарга, АТГ-ын дэд дарга байсан хүн Генерал Батын Хурцаас өөр хэн байх вэ? Тагнуулч эр гэнэтхэн Дипломат болж, Б.Хурцыг 2017 онд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилуулах саналыг УИХ-д оруулж ирсэн. Энэ нь нэлээд хэл ам болоод бүтэлгүйтсэн удаатай.
Барилгын техникум төгсөөд ингэж улс төр бизнес, хууль цаазын ертөнцөд ийм өндөрлөгт хүрсэн хүн бас Батын Хурцаас өөр хэн байх вэ? Ажилласан байдал нь адармаатай. Тэрбээр 2003 онд европын орнуудын хил дамнан хүн хулгайлсан хэргээр Английн шоронд хоригдож үзсэн. Монголдоо ч шүүхээс ял сонсож үзсэн ч хугарч нугараагүй тагнуулч. УИХ-ын чуулган дээр ёжтой мушилзаж байгаад “Цааш нь ярих уу, яах уу” гэсэн алдарт үгээ хэлж, 76 хүнийг ухаан алдуулах шахсан. Бизнест одтой тэрбумтан, онгоцтой, зөвхөн үнэт эдлэл нь гэхэд 55 тэрбум төгрөгөөр хэмжигдэнэ. Ийм л хүн УИХ-д нэр дэвших санаатай АН-аар эргэлдэж, намын дарга нарын наагуур цаагуур бултагнаж явна. “Цааш нь ярих уу, яах вэ” гэж УИХ-ын гишүүн ухаан алдуулах шахсан тагнуулч биш, томоотой, онц сурдаг оюутан шиг томоо нүдний зүүчихээд АН-ын хурлыг алгасахгүй идэвхтэй байна.
Б.Хурцын ажилласан байдал
- 1992-2000 онд “Торгоны зам” ХХК-д менежер
- Москва хотод төлөөлөгч
- 2000-2002 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан
- 2004-2006 онд ТЕГ-ын хэлтэс, газрын дарга
- 2003-2004 онд Унгарт суугаа Монгол Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга
- 2003-2004 онд Турк улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга
- 2006-2009 онд Сөүл дэх МИАТ компанийн салбарт Ерөнхий төлөөлөгч
- 2009-2011 онд ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга
- 2011-2014 онд АТГ-ын дэд дарга
- 2014 оноос ТЕГ-ын даргаар ажиллаж байгаад 2017 онд чөлөөлөгдсөн юм.