Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Улааны хар тугалга, цайрын орд нь 38826.5 мянган тонн цайрын хүдэртэй. Үүнээс 50 хувийн агуулгатай 738 мянган тонн цайрын баяжмал гаргаж авах тооцоотой. Хар тугалга 165-424 мянган тонн, мөнгө 652-2047 тонн, алт 3661-8069 кг, зэс 8953-28601 орчим тонн бий. Мөн газрын ховор элементэд орох кадми 1124-3867 тонн, селен 91-272 тонн, теллур тэргүүтнүүд 98-272 тонн байгааг тухайн үед геологчид тогтоож байсан. Бас ураны 250 гаруй тонн нөөцийг баталгаажуулсан байдаг. Энэхүү баялаг ордыг Хятадын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” компани эзэмшдэг. 2022 оны 6-р сард Экологийн цагдаагийн албаны дэд дарга, хурандаа Ц.Баатар “Дорнод аймгийн Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь” ХХК-д холбогдох Эрүүгийн хэргийг шалгаж байна. Шинжээчдийн гаргасан шинжилгээний хариугаар хөрсөн дэх хүнд металлын тархалтад учруулсан хохирлыг 427 мянган төгрөг, хаягдал усанд учруулсан нөхөн төлбөр нь 245 мянган төгрөг болсныг тогтоосон. "Шинь шинь" ХХК-ийн байгаль орчинд 672 сая 652 мянган төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. 2021 оны 10-р сараас эхлэн тус компанийг Эрүүгийн хуульд заасан "Байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэгт буруутай болох нь бүрдсэн" гэж үзээд яллагдагчаар татах санал гаргаж, прокуророос энэ оны 3-р сард "Шинь шинь" ХХК-ийн Монгол талыг хариуцсан захирлыг яллагдагчаар татаж, 5-р сарын 31-нд шүүхэд шилжүүлэх саналтайгаар хэргийг шилжүүлсэн" хэмээн мэдээлж байсан. Тус компанийн Улааны ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны 9-р сараас одоог хүртэл хугацаанд химийн хорт бодис болох хүнцэл /As/, хар тугалга /Pb/, цайр /Zn/ гэсэн хортой бодисоор бохирлогдсон ус шүүрч хаягдсаны улмаас газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж, байгаль орчныг бохирдуулсан агаад хохирол нь 672 сая төгрөгөөр тооцогдсон. Анхан шатны шүүхээс “Шинь Шинь”-ийг гэм буруутайд тооцож, уул уурхайн олборлолтын болон баяжуулалтын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 150 сая төгрөгөөр торгосон. Гэтэл хяналтын шатны шүүхээс хятад компанийн хэргийг цагаатгажээ. Улмаар “Шинь Шинь”-ийн удирдлагууд болох ерөнхий захирал Лу Шинь Жан, Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын дарга Хичээлт овогтой Мөнхөө, орлогч дарга Бабуулаа овогтой Чулуундорж болон холбогдох албан тушаалтнууд болох БНХАУ-ын 10 иргэн, мөн Д.Энхбат, Ж.Энхээ, М.Өлзийчимэг, С.Чойжилсүрэн нарын дөрвөн монгол иргэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүх Баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн геомембрам буюу плёнк цоорсноос бохирдсон ус урсаж байгаль орчныг бохирдуулж, хохирол учруулсан 2010 оны 9-р сараас 2013 оны үйлдлийг нотолж байгаагаас бус 2010 оны 9-р сараас одоог хүртэлхийг нотлохгүй байна гэж үзжээ. Түүнээс гадна тухайн бүс нутаг нь байгалиасаа буюу бүс нутгийн хөрс үүсгэгч чулуулгийн химийн найрлагаас хамааран хүнцэлийн агууламж өндөртэй байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Ийнхүү “Шинь Шинь” компани Монголын газар нутгийг хүнцэлээр хордуулсан гэх 672 сая төгрөгийн хохиролтой хэргээсээ цэвэрхэн мултарч, 150 сая төгрөгийн торгууль төлөхөөс чөлөөлөгдөж, хятад монгол дарга нарых нь хэрэг хэрэгсэхгүй болсон байна.