Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалт, авч буй арга хэмжээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: "Өнөөдрийн байдлаар 2310 иргэн тусгаарлах байранд ажиглалт, тусгаарлалтад байна. Эдгэрсэн хоёр иргэнийг бид тусгаарлах байранд шилжүүлэн, үргэлжлүүлэн ажиглалтад авсан. Тусгаарлах байранд 337 эмч, эмнэлгийн мэргэжилтэнгүүд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа. Нэг зүйлийг өнөөдөр зайшгүй хэлэх нь чухал гэж үзэж байна.
Өнөөдөр тусгаарлах байранд 43 жирэмсэн эх, 56 тав хүртэлх насны хүүхэд, артерийн даралт ихсэх өвчтэй 111 хүн, чихрийн шижинтэй 33 хүн, гэмтэл авсан долоон хүн байна. Энэ бүгдэд таарсан тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Зөвхөн нэг жирэмсэн эмэгтэйд гэхэд мэргэжлийн эмч 2 удаа тусламж, зөвөлгөө үзүүлээд явж байна. Иргэдээс гомдол, санал их ирж байна.
Агуулгын аваад үзвэл ихэнхдээ "өрөө жижиг байна, дасгал хиймээр байна, хоол амтгүй байна, нохойн хоол өгч байна, бид нар цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-д хэвтэхгүй Өргөө амаржих газар, Эх нялхас дээр очмоор байна" гэх зэрэг гомдол гаргаж байна. Би хэлмээр байна, эмчийн өөдөөс бариантай талхаа шидэж, мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж, хоорондоо хэрэлдэж зодолдож байна.
Ийм байдал гаргамааргүй байна. Энэ коронавируст халдвар бол цар тахал, дэлхий нийт аюултай гэж зарлаад байна. Монгол иргэн та нар бодох хэрэгтэй. Өнөөдөр онгоцоор иргэнээ татаж авч байгаа цөөхөн улс байгаа тэрний нэг нь МОНГОЛ. Таван одтой зочид буудалд иргэдээ тусгаарлаж байгаа улс дэлхийд байхгүй. Манай улс үүнийг хийж чадаж байна. Амны хаалтаа зүүгээгүй гээд ташуурдаж байгаа улс байхад манай эрүүл мэндийн салбар зөвлөж байна. Үүнийг хэрэгжүүлээчээ гээд. Иргэн та үүнийг биелүүлэх үүрэгтэй. Өнөөдөр эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэн монголоос өөр хаана ч байхгүй. Ялангуяа тусгаарлах байранд ажиллаж байгаа эмч нар бол дэлхийд урилгаар очдог, ДЭМБ-ын зөвлөхөөр ажилдаг, энхийг сахиулахад МОНГОЛ улсын армийг ахлаад явж байсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, хурандаа нар та нарт үйлчилж байгаа.
Иргэд жаахан авираа татах хэрэгтэй. Хэн нэгнийг уурлахаар нь, уйлхаар нь хугацааг богино болгочихдог зүйл биш. Энэ бол ЦАР ТАХАЛ. Иргэн таныг хамгаалахаас гадна, таны гэр бүл, монгол улсын иргэдийг хамгаалж байгаа ажил. Дараагийн тусгай онгоцонд суух иргэд сайн бодож шийдвэрээ гаргаарай, хэрвээ та онгоцонд суувал үүргээ биелүүлэхийг ухамсарлах хэрэгтэй" гэлээ.