Украйнын “Ухань” буюу коронавирусын халдврын голомт нь Черновицкая гэдэг муж болоод байна. Энэ мужийн зарим тосгон, суурингийнхан толгой дараалан халдвар авчээ. Халдвар анх тараасан хүн нь Коленковцы суурингийн Елизавета гэдэг ахимаг эмэгтэй аж. Тэрээр Италид гэрийн үйлчлэгчээр ажиллаж байгаад Европ даяар хөл хорио эхлэхээс өмнө амжиж Украйндаа иржээ. Нутагтаа ирсэн ч тусгаарлалтын 14 хоногийг сахиагүй аж. Суурингийнхаа айлуудаар хэсэж хамаатан садангуудтайгаа уулзжээ. Мөн автобусаар хөрш хоёр сууринд очиж коронавирусын халдвраас хамгаалах арга хэмжээг хэлэлцсэн хуралд дараалан суужээ. Хурлаас буцаж ирсэний дараа түүнд коронавирусын халдврын шинж тэмдэг илэрч эхэлжээ. Удалгүй эмэгтэйн хүүхдүүд, ач зээ нар нь халдвар авчээ. Түүгээр ч барахгүй автобусаар цуг явсан хүмүүс болон хурал болсон хөрш суурингийнханд хүртэл өвчний шинж тэмдэг илэрч эхэлжээ. Тандалтаар Италиас ирсэн эмэгтэй аюулт өвчин тээж авчирсан нь тодорхой болмогц халдвар авсан хүмүүс “амь насанд чинь халдана, хүүхдүүдийг чинь хөнөөнө, байшинг чинь шатаана” хэмээн илээр заналхийлэх болсонд хөөрхий эмэгтэй уйлан уучлал гуйжээ. Тэрээр “байшинг минь битгий шатаа, хүүхдүүдийг минь бүү оролд, тэрний оронд намайг шууд алчих” гэжээ. Гайхалтай нь эмэгтэй болон түүний хүүхдүүдэд хөнгөн тусаж хурдан эдгэрсэн бол бусад халдвар авагсадын бие муу байгаа гэнэ. Одоогийн байдлаар Елизаветагийн суурингийн 14 хүн халдвар авсан бол муж даяар 54 хүн болжээ. Дээрхи мужид хөл хорио тогтоожээ.