alim.mn | 2024.12.23
ХҮҮХДИЙН ПАРКТ “МОН УРАН” ХХК НЭГ ГА ГАЗАРТАЙ,  “MCS” 3 ГА ГАЗАРТАА 500 САЯ ДОЛЛАРООР ШАНГРИ-ЛАГ БАРЬЖЭЭ

Хүүхдийн парк гэж нэрлэж  заншсан Үндэсний соёл амралтын хүрээлэнг хэн эзэмшдэг вэ гэдэг асуулт байнга гардаг. Хотын төвийн ойролцоох энэ газрыг “MCS” групп, “Мон-Уран” ХХК, “Сөүл” групп, МАК тэргүүтэй томоохон компаниуд паркийн газрыг хуваагаад авчихсан гэдэг. Харин “МАК” компани Үндэсний соёл амралтын хүрээлэнд ямар ч газар эзэмшдэггүй гэж албан ёсоор мэдэгдсэн билээ. 

  Паркийн газар яагаад, хэний зөвшөөрлөөр хувийн компаниудын мэдэлд очсон бэ. Анх 1998 оны тавдугаар сард “Монтана” ХК-д Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд ажлын байрны барилга барих зориулалтаар 0.5 га газар гурван жилийн хугацаатай эрх олгожээ. Харин 2002 онд газар эзэмших эрхийнх нь хугацааг дөрвөн жилээр сунгасан байна. Удалгүй Үндэсний соёл амралтын хүрээлэнг шинэчлэх төсөлтэй холбогдуулан 2005 оны долдугаар сард “Монтана” ХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.  Гэвч  тус компани Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, жилийн дараа “Монтана” ХК-ийн газар ашиглах зөвшөөрлийг сэргээжээ. Улмаар “Монтана” ХК, “MCS Hotel” компанитай хамтарч, 2007 онд  “MCS Hotel” ХК-д 4900 ам.метр газрыг контор, үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар эзэмшүүлсэн байгаа юм.  Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын  2007 оны нэгдүгээр сарын 11-ний 06 дугаар захирамжаар “MCS Hotel”  компанийн 4900 ам.метр буюу 0.5 га газрыг нь гурван га газар болгож, хэмжээг нь нэмэгдүүлж ашиглуулахаар шийдвэрлэж байжээ.

 Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Сөүл” ХК үйл ажиллагаа явуулдаг. Төрийн өмчийн хорооны тогтоолоор хуучнаар “Туяа” рестораныг “Сөүл” ХК хувьчилж авсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2001 оны арваннэгдүгээр сарын  7-ны өдрийн 510 тоот захирамжаар газраа баталгаажуулж авчээ. Улмаар “Сөүл” ХК газар эзэмших эрхээ иргэн Н.Өнөрболорт шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2008 оны 181 дүгээр захирамжаар ёсоор болгосон байдаг.
Удалгүй “Мон-Уран” ХК-тай хүч түрэн орж ирсэн. УИХ-ын гишүүн, “Мон-Уран” компанийн ерөнхий захирал  Б.Наранхүү: Паркийн газраас тодорхой хэмжээгээр эзэмшиж байгаа бүх компаниуд хуулийн дагуу ажиллана гэвэл би газраа чөлөөлөхөд бэлэн. Өнөөдөр “Голомт”-ын Баясгалангийн хийсэн хөрөнгө оруулалтын хийсэн хэмжээгээр бид ч бас хөрөнгө оруулалт хийж болно. Үнэхээр хүүхдүүдээ гэж байгаа бол нийлж байгаад нэг юм хийх хэрэгтэй. Улмаар 10 жилийн хугацаанд хүүхдүүдээ паркт үнэгүй тоглуулъя. Энэ хугацаанд Монголын эдийн засгийн байдал сайжирч, иргэдийн амьжиргаа ч дээшлэх байх. Одоо бол өндөр үнэтай паркт тоглох бэлтэй хүн цөөхөн байгаа. Хүүхдийн парк дээр нэг удаа тоглоход 150-200 мянган төгрөг шаардлагатай юм билээ. “Мон-Уран” гэдэг компани ганцаараа паркийн газрыг авчихаад, өгөхгүй байгаа юм шиг зүйлийг 10 жил ярилаа. Одоо больцгооё. Хөрөнгө оруулалт хийж болно. Ярьж байгаад хийх бүрэн боломж байна.  Манай компанийн хувьд нэг га газар эзэмшиж байгаа. Бүх газар шударга байвал, бид ч гэсэн шударгын голд ороод явна. Гэтэл зөвхөн манай компанийн газрыг авна гээд байвал хүлээн зөвшөөрөхгүй. Тэртээ, тэргүй энэ компаниуд бүгд нийслэлийн Засаг даргын захирамжтайгаар паркийн газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа.
Манай компани 13 жилийн өмнө газрын зөвшөөрөл авсан. Гэхдээ газарт битгий санаа зов” гэж ярьсан байдаг. “MCS” групп 400-500 сая ам.долларын хөрөнгө оруулалан  зочид буудал барьж байгаа. Шангрилла зочид буудлын 51 хувийн хөрөнгө оруулалтыг Хонгконгийн компани, 49 хувийг “MCS” групп оруулсан байна.  






 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ