alim.mn | 2024.12.22
ХXIX ХАМБА НОМУН ХАН, ХАНСҮР, ГАВЖ ДЭМБЭРЭЛИЙН ЧОЙЖАМЦ ЛАМЫН ТУУРВИСАН ЗОХИОЛ ҮЙЛСИЙН ТОВЧООН
XXIX Хамба номун хан, хансүр, гавж Д.Чойжамц лам нь билгийн тооллын 16-р жарны цагаагчин туулай жил, нийтийн он тооллын 1951 онд Төв аймгийн Бүрэн сумын "Хайрхан булаг" хэмээх газар элбэрэл журам төгөлдөр эцэг Дэмбэрэл, эх Сэрээтэр нарын хүү болж лагшин мэндэлсэн.
XXIX Хамба номун хан, хансүр, гавж Д.Чойжамц лам нь Нийслэлийн 28-р дунд сургуулийг амжилттай дүүргээд шашин номын ундарга болсон МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн дэргэд 1970 онд Бурханы Шашны Дээд Сургууль байгуулагдсанд анхны элсэгчдийн нэг болж, аврал ачит эрдмийн гуу сан хамба лам Тэргүүн их хамба лам, XXV Хамба номун хан, номч мэргэн гавж, С.Гомбожав, гавж Д.Данзан-осор, гэвш О.Дагважанцан, гэвш Д.Наваандорж, гэвш З.Пүрэвжамц, гэвш н.Балдорж нараар дээдийн номыг хөтлүүлж байгаад тус сургуулийг 1976 онд онц дүнтэй төгсөж байв.
Тэрбээр МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Цогчэн хурлын гол уншаач ламаар тохоон томилогдсон ба долоон жилийн турш Гандангийн хуралд хурахын зэрэгцээ хурал, зан үйлийн олон зүйлийг эзэмшсэн. МБШ Төв-Гандантэгчэнлин хийд нь ойр холгүй тэгш асрал нигүүсэл хийгээд дээдийн номын үйлсийг даян дэлхийд өрнүүлэн дэлгэрүүлэгч аврал итгэл, оройн дээд Дээрхийн гэгээнтэн Далай багш Данзинжамцтай шашин номын барилдлага тогтоосноор тэрбээр 1983 онд Энэтхэг улсад зорчиж Дарамсала дахь Буддын Гүн ухааны сургууль "Цанид ловда"-д 3 жил хичээнгүйгээр суралцсан
Тэрбээр МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Дэд хамба, Да ламын мяндаг тушаалыг 1986-1992 онд хариуцлагатайгаар хашиж, шашин номын үйлийг хичээнгүйгээр өрнүүлэн ажиллаж байсан билээ.
XXIX Хамба номун хан, хансүр, гавж Д.Чойжамц лам нь 1992 оны 8-р сарын 20-ны бэлэгт сайн өдөр МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн "Тэргүүн их хамба лам" хэмээх өндөр дээд хариуцлагатай мяндаг тушаалыг хүлээн авч, хуучин социалист нийгмээс шинэ ардчилсан нийгэмд шилжих шилжилтийн хүнд хэцүү үеээс эдүгээг хүртэл энэ насны алжаал зүдрэлийг огоорч, шашин амьтны тусад хязгааргүй үйлс бүтээлийг чин бишрэл, хичээл зүтгэлээр үүтгэн бүтээсэн түүхэн гавъяатан юм. Түүний зохиол үйлсийг товчлон дурьдваас. Үүнд ану:
•Нэгэн зүйл. Тэрбээр Монгол Улсын АИХ-ын депутатаар 1990-1992 онд сонгогдон Монгол Улсын Шинэ Үндсэн Хууль батлалцах түүхт үйл хэрэгт оролцож, түүнд "Төр нь шашнаа хүндэлж, шашин нь төрөө дээдэлнэ" хэмээх тэргүүтэн Монголчуудын уламжлалт Бурханы шашны байр суурийг бататгах заалтуудыг оруулахад гол санал санаачлагыг гарган ажилласан.
•Нэгэн зүйл. Монголын ард түмэн шашин шүтэх эрх, эрх чөлөөтэй болсноор хот, хөдөөд олон сүм хийдүүд дахин сэргэж, тэдгээрт зөвлөгөө заавар, тусламж дэмжлэгийг өгч тэтгэн дэмжиж ажиллахын зэрэгцээ шинэ тутам нээгдэж байсан сүм хийдүүдийн залуу лам хуврагуудыг түргэн хугацаанд сурган бэлтгэх Шашны дээд сургуулийн сургалтын хугацааг 4 жил болгож, мөн тус сургуулийн дэргэд түргэвчилсэн 2 жилийн курс ангиудыг нээж, сургалт боловсролд нь анхаарал тавьж ажилласан.
•Нэгэн зүйл. Тэрбээр 1994 онд тус хийдийн Дүйнхор дацангийн "Дорж ловон" хэмээх мяндаг тушаалд тохоон томилогдсон.
Нэгэн зүйл. Түүний санаачлагаар Их хүрээний цогчэн хурлын уншлага, зан үйлийг уламжлуулах, залгамж халааг бэлтгэх зорилгоор цогчэн сургалтыг нээснээр энэхүү сургалтанд олон арван лам хуврагууд хамрагдаж уншлага ном, зан үйлд мэргэжсээр байна.
•Нэгэн зүйл. Тэрбээр аврал итгэл, оройн дээд Очирдара Богд Жэвзүндамба хутагтын номын мэргэдийн орон болсон Гандан хүрээний уламжлалт дацангууд сургуулиудыг дахин сэргээх хүнд үүргийг хүлээн авч ном эрдэмтэй өтгөс өвгөд лам нарын санал санаачлага, зөвлөгөө, дэмжлэг тусалцаагаар чойрын гурван дацан Дашчойнпэл, Гунгаачойлин, Идгаачойзинлин, тарнийн гүн ухааны Жүд дацан, Дүйнхор дацан, Бадма-ёго дацан, Жанрайсиг дацан, Манба дацан тэргүүтнийг бүтээн босгож хурал номын үйл ажиллагааг нь жигдэлсэн.
•Нэгэн зүйл. Тэрбээр Монголын сүсэгтний холбооны үүсгэн санаачилсан шашны сургалттай дунд сургуулийг Гандангийн харъяанд шилжүүлэн авч, сургалт номын үйл ажиллагааг нь жигдрүүлж, шашны болон ерөнхий боловсролын сургалт хосолсон 112-р дунд сургууль болгож залуу лам нарт орчин цагийн боловсролыг олгуулж байна.
•Нэгэн зүйл. Тэрбээр эдүгээ сүндэрлэн буй тусгаар тогтнол болон төр түмний их шүтээн өндөр Мигжид Жанрайсиг Бурханыг дахин бүтээх үйл хэрэгт хичээн зүтгэж сүсэгтэн олны дэмжлэгийг уриалах, шашин номын үйл хэргийг нь хариуцах зэргээр ажиллаж байсан.
•Нэгэн зүйл. Тэрбээр урьдын мэргэдийн замнал, үйлсийг дагаж 1999 онд чойрын дацан Дашчойнпэлд гавжийн дамжаа барьсан.
•Нэгэн зүйл. Түүний санаачлагаар судар,тарнийн гүн ухаанд мэргэжсэн эрдэм номтой лам хуврагуудыг бэлтгэх зорилгоор аврал итгэл, оройн дээд Дээрхийн гэгээн Далай багшийн ивээл дор Энэтхэг улсын дацан сургуулиудад Монгол лам хуврагуудыг олноор суралцах ажлыг зохион байгуулж, тэнд суралцаж байгаа лам хуврагуудын сургалтын нөхцөл, амьдралын орчинг сайжруулах талаар Дээрхийн гэгээний ажлын алба, дацан сургуулиудын удирдлагуудтай удаа дараа уулзаж, анхаарал тавиулж ажиллаж байсны үр дүнд анхны гэвш, лхаарамба, аграмба нар эрдмийн зэрэг цолоо амжилттай хамгаалан эх орондоо эргэн ирж судар, тарнийн ёсыг залуу лам хуврагуудад өвлүүлэн сургаж байна.
•Нэгэн зүйл. Тэрбээр Энэтхэг дахь Гоман дацанд Монголын лам хуврагууд олноор очиж суралцах таатай орчин бүрдүүлэхэд зориулж "Монгол мицан"-гаас барилга байгуулах үйлсэд өглөгийн эздийн бүрдүүлэх, өглөг хандивыг цуглуулах ажилд хичээнгүйлэн дэмжлэг үзүүлсэн.
•Нэгэн зүйл. Тэрбээр Монголын Бурханы шашны тэргүүн Богд гэгээн Жэвзүндамба тэргүүтэй хутагт хувилгаадыг дахин тодруулахыг хориглосон тогтоолыг цөхрөлтгүй хөөцөлдөж хүчингүй болгосны үндсэн дээр аврал итгэл, оройн дээд Очирдара 9-р Богд гэгээн Жэвзүндамба хутагт Жамбалнамдолчойжижанцан ламтанг Монгол оронд дахин залж чадсан бөгөөд үүгээр Монголын хутагт хувилгаадууд албан ёсоор уламжлалын дагуу тодрох, залрах түүхэн нөхцөл боломж бий бүрдсэн.
•Нэгэн зүйл. Тэрбээр 9-р Богд гэгээн Жэвзүндамба хутагт Жамбалнамдолчойжижанцанг Монголын улсын иргэн болгох, Бурханы шашны тэргүүнд өргөмжлөх ажлыг удирдан зохион байгуулсан.
•Нэгэн зүйл. Тэрбээр Монгол оронд 1990 оноос хойш аврал итгэл, оройн дээд Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай багшийн зургаан удаагийн шашин номын айлчлалыг өөрийн биеээр удирдан зохион байгуулснаар сүсэгтэн олон Дээрхийн гэгээнтэй номын барилдлага гүн тогтоосон.
•Нэгэн зүйл. Түүний санаачлага, хичээл зүтгэлээр Монгол оронд шашин ном дэлгэрэн сэргээхэд хязгааргүй ачтан Найдан Бакула ринбүчийн номын айлдвар, Гандан ширээт Ризон ринбүчи, Дима лочин ринбүчи, Жадо ринбүчи тэргүүтэй ихэс лам нараар ном сүнчой айлдуулж байсан. Ялангуяа номын барилдлагат Жадо ринбүүчи багшаас Монгол орноо тасарсан дамжлага, увидас, айлдварыг авах тухай захиргаагааны хурлаар хэлэлцүүлж Жадо ринбүүчигийн сүнчой ном айлдварыг уламжлал болгон тогтоосон.
•Нэгэн зүйл. Тэрбээр шашин, төрийн арга билгийн харилцан шүтэлцээ, хос ёсны алтан аргамжийн бодлогыг улируулан үе үеийн төр засгийн удирдлагуудтай найрсаг сайхан харилцааг тогтоон ирсэн бөгөөд Бурханы шашины өв соёл их хэлмэгдүүлэлтэнд хамгийн ихээр өртсөнийг төр засаг, их хурлын гишүүдэд удаа дараа дурьтган сануулж байсны үр дүнд Анхдугаар Богд Жэвзүндамба хутагт Өндөр гэгээний үүсгэн байгуулсан Батцагаан цогчэн дуганыг МБШ Төв-Гандантэгчэнлин хийдэд улсын төсвийн хөрөнгөөр бүтээн босгуулсан билээ.
•Нэгэн зүйл. Тэрээр Бурхан багш гэгээрсэн их дагшин орон буюу БНЭУ-ын Бихар мужийн Бодгаяад Монголын Бурханы шашны өнгө төрхийг олон улсад таниулсан "Монгол сүм"-ийг барих ажлыг амжилттай удирдан зохион байгуулж олон улсад Монголын шашин, соёлыг таниулах ажлыг хийсэн.
•Нэгэн зүйл. Тэрбээр 275 гишүүнтэй аймаг, дүүргийн болон гол уламжлалт хийдүүдийг эгнээндээ багтаасан Монголын Бурханы Шашинтны Төвийн Тэргүүн Лам нарын Зөвлөлийн хурлыг үүсгэн байгуулж шашны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, олон олон чухал баримт бичгүүд, хөгжлийн хөтөлбөр төлөвлөгөөнүүдийг хэлэлцүүлэн батлуулж, заавар зөвлөгөөг өгч ажиллаж ирсэн.
•Нэгэн зүйл. 1969 онд анх байгуулагдан даян дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг тогтоохын төлөө эв санаагаар нэгдсэн олон улсын Буддистуудыг эгнээндээ нэгтгэсэн, Нэгдсэн Үндэсний Байгууллагад бүртгэлтэй цорын ганц Бурханы шашны байгууллага болох Азийн Буддистуудын Энх Тайвны Бага Хурлын Ерөнхийлөгчөөр 2003 онд сонгогдон өнөөг хүртэл ажиллаж байна. Дэлхий дахинд өөрчлөлт шинэчлэл гарч, хоёр туйлт систем задарснаар тус хурлын үйл ажиллагаа хэсэг хугацаанд суларсан авч тэрбээр 2019 онд АБЭТБХ-ыг сэргээн 11-р Ерөнхий чуулганыг Монгол орондоо хуралдуулж, түүний зорилго, зорилт болон дүрэм, бүтэц зохион байгуулалтыг цаг үетэйгээ зохицуулан өөрчилж, тус байгууллагын үйл ажиллагааг шинэ түвшин гаргасан. Түүний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Ерөнхийлөгч хатагтай Инга Ронда Кинг нар тусгайлан хүрэлцэн ирж оролцож байсан бөгөөд үүнийг АБЭТБХ-ын үндэсний төвүүд нэн баяр талархалтайгаар хүлээн авч байв.
•Нэгэн зүйл. Тэрбээр БНЭУ болон Япон Улсын ерөнхий сайд нарын санаачилгаар байгуулагдсан байгаль орчныг хамгаалах, шашин хоорондын эв нэгдлийг хангах зорилготой "Санвад-3" олон улсын хурлыг 2019 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан. Энэ хуралд дэлхийн 17 орны төлөөлөгчид өргөнөөр оролцон харилцан яриа хэлэлцээрийг өрнүүлж, хамтын ойлголцлыг бий болгох тал дээр ажилласан.
•Нэгэн зүйл. Тэрбээр олон улсад нэр хүнтэй шашны зүтгэлтний хувьд 2013 онд БНЭУ-д төвтэй Олон улсын Бурханы шашинтнуудын холбооны Ивээгчдийн нэгээр тохоон томилогдсон. Мөн 2014-2023 онд Япон улсад төвтэй Бурханы шашны дээд хэмжээний чуулганы Ерөнхийлөгчөөр сонгогдон Бурханы шашны Ахмадын ёс, Их хөлгөний ёс, Очирт хөлгөний ёсны тэргүүнүүдийн хамтын ажиллагааг ханган нэр хүндтэй удирдаж ажилласан бол 2023 оноос эхлэн тус Бурханы шашинтнуудын дээд хэмжээний чуулганы оюун санааны удирдагчаар тохоон томилогдон ажиллаж байна. Эдгээр олон улсад туурвисан үйлс зохионгуй нь Монголын Бурханы шашныг олон улсад таниулах, нэр хүндийг өргөх, олон улсын шашинтангуудтай хамтын үйл ажиллагаа бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болсон.
•Нэгэн зүйл. Тэрбээр Монгол оронд шашин анх дэлгэрсэн тухай, улс төрийн их хэлмэгдүүлэлтийн түүхэн бодит байдал, түүнчлэн Монголын Богд гэгээн Жэвзүндамба хутагтууд, номын мэргэд, хутагт хувилгаадуудын намтар, зохиол үйлстэй холбоотой цуврал эрдэм шинжилгээний хурлуудыг санаачлан, дэмжин оролцож Монголын Бурханы шашны байр суурь, соёл уламжлалын талаар айлдвар сургаалаа хүргэхээс гадна, олон улсын нэр хүндтэй хурлуудад Монголын Бурханы шашныг төлөөлөн оролцож, шашин хоорондын эв нэгдэл, энх тайван, аюулгүй байдал, цаг үеийн асуудлаар үг айлдвараа айлдсаар ирсэн.
•Нэгэн зүйл. Тэрбээр шашин соёл, уламжлалын тухай сургаал айлдвараа Монгол орны өнцөг булан бүрт, цаашлаад дэлхий даяар тархан суурьшсан элэг нэгт түмэндээ алжаал ядралыг умартан биечлэн зорин хүрч тасралтгүй хүргэсээр ирсэн.
•Нэгэн зүйл. Тэрбээр БСШУЯамны харьяа "Багш хөгжлийн төв"-төй хамтран 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт Бурханы шашны уламжлал, Монгол хүний хэв шинжийн талаар давтан сургалт хийсэн бөгөөд Монгол хүний хэв шинж, төлөвшил, ёс суртахууны талаар ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт оруулах саналыг боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгч болон бусад холбогдох газруудад хүргүүлж байлаа.
•Нэгэн зүйл. "Бурхан багшийн их дүйчэн өдөр"-ийг албан ёсны баяр амралтын өдөр болгон хуульчуулах саналыг сүсэгтэн олноос тухайн үеийн төрийн түшээдэд дэвшүүлсэн бөгөөд энэхүү саналыг Монголын Улсын Их Хурлаас дэмжин 2019 оны 12 сарын 20-нд ёсоор болгон хуульчлан батлуулалцсан.
•Нэгэн зүйл. Тэрбээр Монголын шашин, соёлын үнэт өв болсон Хүрээ цам олон жил алсран тасарсан цаг үед тус хийдийн ахмад лам, уран Данзан, Сэрээтэр зэрэг ачит дээдс нар дахин дэглэн сэргээх санал гаргасанд тэрбээр талархан хүлээн авч тууштай дэмжин тэтгэж, 1999 онд Хүрээ цамыг гаргасан. Энэ хоёр ахмад эрдэмт хуврагийн ач, залгуулсан уламжлалаар нь тус хийд эдүгээ жил бүр Хүрээ цамаа ном ёсны дагуу өргөн дэлгэр гаргасаар байна.
•Нэгэн зүйл. Монголын Бурханы Шашинтны Төвийн Тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын 2018 оны 09 –р сарын 29 –ны өдрийн 01 тогтоолоор Өндөр гэгээний үеээс улиран залгамжлагдсан Хамба номун ханы дамжлага, МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн шашинд үүтгэсэн цаглашгүй гавьяа, тус хийдийг тэргүүлж байсан тэргүүн хамба нарын үйлс бүтээл зэргийг үнэлэн дүгнэж 1944 оноос тус хийд тэргүүн хамба ламын өндөр мяндаг тушаалыг хашиж байсан хамба лам нарт “Хамба номун хан “ цол хэргэмийг нөхөн өргөмжилөн олгосон бол тус тогтоолыг дэмжиж Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 06 дугаар сарын 14–ний өдрийн 171 тоот зарлигаар МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламд “Хамба номун хан” цол соёрхон баталсан. Улмаар энэхүү цол дараа дараагийн тэргүүн их хамба лам нарт урьдын адил улиран дамжих нөхцөл бүрдсэн.
•Нэгэн зүйл. МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд Бурхан багшийн лагшин(сэрэг дүр), зарлиг (ганжуур), таалал (их эрдэнийн ринсрэл) гурвыг залах хүсэлтийг БНЭУ-ын Засгийн газарт тавьж зөвшөөрүүлж, тэдгээр түүхэн чухал үйл явдлуудыг тус улсын Элчин сайдын яамтай хамтран дээд түвшинд нарийн зохион байгуулж Бурхан багшийн лашгин, зарлиг, тааллын адис жинлавыг Монгол орноо үлэмж ихээр оршоосон.
•Нэгэн зүйл. Тэрбээр тус улсын төр засагтай хамтран эртний судар номыг тоон хэлбэрт оруулж хадгалах, хамгаалах, түгээх төсөл болон Бурханы шашны шүтээний музей, номын сан байгуулахаар болсон.
•Нэгэн зүйл. Тэрбээр 9-р Богд гэгээн Жэвзүндамба хутагт Жамбалнамдолчойжижанцан багш өөрөөр нь дараа төрөлдөө Монгол хүн болж мэндлэх зарлиг, бошго үзүүлсний үрээр 10-р Богд гэгээн Жэвзүндамба хутагт маань Монгол хүмүүн болж лагшин мэндлэх шүтэн барилдлага тогтсон.
•Нэгэн зүйл. Тэрбээр 10-р Богд гэгээн Жэвзүндамба хутагтыгаа тодруулах их үйлсийг манлайлан хичээн зүтгэсний үр дүнд 10-р Богд гэгээн Жэвзүндамба хутагтыгаа тодруулуулсан явдал нь Монголын Бурханы шашны түүхэнд тодоор бичигдэн үлдэж байна.
•Нэгэн зүйл. Дээдсийн бошголосон ёсоор тэрбээр 10-р Богд гэгээн Жэвзүндамба хутагт Данзинжамбалчойживанчүг ламыгаа XVII жарны усан туулай жилийн хаврийн эхэн хөх бар сарын шинийн гурванд Батцагаан цогчэн дугандаа ёсчлон залж золголт ёслогоо хийсэн.
XXIX Хамба номун хан, хансүр, гавж Д.Чойжамц ламын дээрх мэт олон чухаг зохиол үйлсийн туурвил дундаас хамгийн онцгой нь 32 жил хүнд бэрхээс үл халшран нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн зүтгэхдээ Монголын Бурханы шашны оюун санааны тусгаар байдлыг бататган, тусгаар, бие даасан байдлаар өөрийгөө авч явах, хөгжин дэлгэрэх түүхэн нөхцөл боломжийг үүтгэн бий болгосон их ач гавъяа юм.
Монголын төр засгаас XXIX Хамба номун хан, хансүр, гавж Д.Чойжамц ламын туурвисан зохиол үйлсийг нь үнэлж 2006 онд "Соёлын гавъяат зүтгэлтэн" цол, 2013 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнасан бол Камбожийн сүр жавхлант эзэн хаан Нородом Сихамони түүний дэлхийн Бурханы шашинтнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлст оруулсан гавъяа зүтгэлийг нь үнэлж 2015 онд Рояал Ордер одон, мөн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Лок Сабхагийн дарга эрхэмсэг ноён Ом Бирла түүний Бурханы шашныг дэлгэрүүлэх, Энэтхэг-Монголын оюун санааны харилцааг хөгжүүлэхэд оруулсан идэвхи зүтгэлийг өндрөөр үнэлж “Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөлийн 2022 оны “Бурханы Шашны Хүндэт Шагнал” тус тус соёрхосон.
Ингээд Монголын Бурханы шашны түүхэнд тодоор бичигдэн үлдэх гайхамшигт зохиол үйлсийг туурвисан аврал ачит XXIX Хамба номун хан, хансүр, гавж Д.Чойжамц лам таны энэхүү их ач гавъяаг бахдан биширч өлмийн лянх тань зуун галавт бат оршиж шашин, амьтны тусыг үргэлжүүлэн үлэмж ихээр туурвихын өлзийт ерөөлийг үүгээр өргөмүү.
May be an image of 1 person
 
 
 
Бүх хариу үйлдэл:
Dashdavaa Tuvshinjargal ба өөр 54 хүн
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ