alim.mn | 2024.12.23
БЗС-гийн захирал асан П.Лагвасүрэнгийн хүүгийн компани руу орсон 129 сая төгрөгийг Т.Хэрүүгагийн “заавраар” ХААИС-аас шилжүүлжээ

БСШУСЯ-ын харьяа Боловсролын зээлийн сангаас улстөрчид тэдний хүүхдүүд олонтоо “хулгай” хийсэн гэдэг. Тэгвэл сангийн удирдлагууд ч зүгээргүй явжээ. Тус сангийн захирлаар ажиллаж байсан П.Лхагвасүрэн нь төрсөн хүү Л.Түмэндэлгэрийн “Мосс” компаниар байгууллагадаа программ хангамжийн ажил хийлгүүлэх нэрээр халхавчилан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан мэтээр хуурамчаар үйлдэж, ямар ч ажил үйлчилгээ явуулаагүй байхад "Оюутны замын зардал, буцалтгүй тусламжид өгөх ёстой байсан” төсвийн хөрөнгөнөөс 129.8 сая төгрөгийг хүүгийн компани луу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэн авсан ажиллагаа нь ихээхэн сонирхолтой. Экс захирал нь улсын болон хувийн их дээд сургуулиудын захилууд их “зузаан” аж. Ялангуяа ХААИС-ийн захирал, Монголын Их дээд сургуулиудын концерциумын ерөнхийлөгч Т.Хэрүүгаг онцолж болно.  2018 оны 5-р сард БЗС-гаас ХААИС-ын дансанд 421 сая төгрөг шилжин орж иржээ. Шилжүүлгийн задаргаагаар 240 гаруй сая нь оюутнуудад өгөх буцалтгүй тусламж, харин 184,7 сая төгрөг нь оюутнуудын замын зардал болж таарсан. Энэ мөнгө нь ХААИС-ын дансанд сар илүү “хэвтсээр” байв. Санхүүгийн албаныхан нь БЗС-тай тооцоо нийлэх үед тус сургуулийн оюутнуудын замын зардал нь 54 сая төгрөг болохыг мэджээ. Гэтэл сангаас 184,7 сая төгрөг орж ирсэн агаад сангийн нягтлан А.Өнөрцэцэг “андуураад илүү мөнгө шилжүүлчихсэн байна” гэж тайлбарлажээ. Хэдэн арван саяар илүү шилжүүлсэн гэхээр бас л том “андуурсан” бололтой. Удалгүй сангийн захирал П.Лхагвасүрэнгээс илүү шилжүүлсэн мөнгийг “сургуулийн захирал Т. Хэрүүгагийн нэр дээр “оюутны хөгжлийн программ хангаж хийлгэж байгаа тул төлбөрийг нь Их дээд сургуулиудын консерциумаас гаргаж өгнө үү” гэсэн албан бичиг иржээ. Захирал албан бичгийн дагуу шилжүүлэг хийхийг санхүүгийн албандаа үүрэгдсэн байна. Тэрээр “төрийн сангийн дансанд мөнгийг нь хийхээр хураагаад авдаг тул программ хийлгэж байгаа компанийн дансаар мөнгөө авна гэнэ, баримтыг нь бүрдүүлээд шилжүүлчих” гэжээ. Үүнээс харахад ХААИС-ийн захирал нь БЗС-гийн захирлын “гуйлтыг” ёсчилон биелүүлсэн нь харагдаж байна. Гэхдээ Т.Хэрүүга хаширлаж П.Лхагвасүрэнгээс мөнгө шилжүүлэх үндэслэл болохоор баримт нэхсэн агаад үүний дагуу “МОСС” компани болон БЗС-гийн хооронд байгуулсан гэрээ гэгчийг авчээ. Авсан гэрээгээ санхүүгийн албаны Б.Батэцэцэгт өгч уг гэрээг “үндэслэн” ХААИС нь 129 сая төгрөгийг “МОСС” компани луу шилжүүлсэн байна. Ийнхүү БХС-гаас ХААИС руу оюутны замын зардлын мөнгө хэмээн “андуурч” илүү шилжүүлээд тэр нь оюутны хөгжлийн программыг хийлгэхэд Т.Хэрүүгагийн тэргүүлдэг Монголын Их дээд сургуулийн консерцуимын “дэмжлэг” болж хувиран П.Лхагвсүрэнгийн хүүгийн компанийн дансанд оржээ.  Харин энэ компани нь ямар ч программ хийж өгөөгүй. Тэгээд ч БХС нь жилийн өмнө буюу 2017 онд оюутны хөгжлийн зээлийн систем, мөн гадаадад суралцагчдын мэдээллийн систем зэргийг нэг бүрийг нь 50 сая төгрөгөөр худалдаж авсан байжээ. Мөн тэр үед П.Лхагвасүрэн захирлын хүү нь Австралид сурч байсан. Тэрээр мөнгөгүй болоод ааваасаа сургалтын төлбөр, байрны мөнгө нэхэхэд “МОСС” компанийн дансанд мөнгө байгаа, итернет банкаар ороод авахыг хэлжээ. Үүний дагуу хүү нь 65 сая төгрөгийг “Голомт” банкнаас Хаанбанкаар шилжүүлэн авч сургалтын төлбөр, байрны мөнгөө төлсөн гэнэ. БЗС нь ХААИС-аас гадна “Сити” их сургууль руу бас л “андуурч” 82 сая төгрөг шилжүүлж байжээ. Сургуулийн захирал Ц.Байгалмаа нь энэ тухай П.Лхагвасүрэнд хэлэхэд өөрөө ирж бэлнээр аваад явжээ.

 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ