alim.mn | 2024.12.22
Юу үйлдвэрлэж, юу түлээд байна вэ?, Даваацэдэн дарга аа?!

Улаанбаатар хотын утаа униар, агаар үнэхээр ёроолдоо унатал уналаа. Одоо гэр хорооллоос хол Хотын төв, алдарт Ар Зайсанд ч хар утаа нүүгэлтэн хөвж, хамар хоолой гашуу хорсгож байна. Зайсанд цонхоо хаагаад суухад ч хиншүү хярвас, утаа май үнэртэж байна. Урьд нь гадаад явж ирэхэд, хонины үнэр үнэртдэг байсан бол одоо хорт утаа, өмхий түлэнхий нүүрсний үнэр үнэртдэг боллоо. Нэг шөнө 10-20-иороо угаартаж, орон гэртээ хоёр гурвуулаа нас барчихдаг боллоо. Түүхий нүүрс түлэхийг хорьсноос хойш яг юу түлээд байна вэ?

Яагаад зарим өглөө аймшигтай үнэр гардаг болов. Энэ шахмал түлш ер нь ямар найрлагатайг Тавантолгой түлш компаний захирал Даваацэдэн та тайлбарлаж өгнө үү?

  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан түүхий нүүрс түлэхийг хориглдож, анх шахмал түлшийг түлэхэд Улаанбаатарын утаа эрс багассан. Харин сүүлийн 2-3 жил байдал бүр дордож, утаа ч, үнэр ч гамшгийн хэмжээнд хүрлээ. Угаартаж нас барсан хүний тоо ч олон боллоо.

  Тавантолгой түлш компанийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэдэн 2012-2016 оны үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажилласан, гарцаагүй АН-ын хүн байсан. Албан тушаалын хэргээр шүүхээр шалгагдаж байсан. Гэнэтхэн дээрээс тэнгэр татсан аятай Тавантолгой түлш компанийн захирлаар томилогдсон. Иргэд за яахав, аль ч төрд хэрэгтэй зайран, сайн инженер байлгүй гэж итгэсэн. Гэтэл утаа униар эргээд суунаглаж, хот даяараа хар утаа, тортогт дарагдлаа. Хүмүүс олны нүдэнд ил байдгаар нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг “Хотыг хордуулж байна” гэж шүүмжилж байна. Харин хамаг учир танд байгаа юм биш үү? Юу үйлдвэрлэж, юу түлээд байна вэ?, Даваацэдэн дарга аа?! Энэ баагисан, хамар хоолой хорсгосон гашуун хар утаа яагаад гараад байна вэ?

          Ц.Даваацэрэнг өнгөрсөн 2022 он “Тавантолгой түлш” ХХК-ийн захирлаар томилсон байдаг. Ц.Даваацэрэнг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байсан. Мөн түүнийг 2019 оны есдүгээр сард хойшлуулшгүй ажиллагаа явуулж, баривчилж байсан. Гэтэл удалгүй Тавантолгой түлш компаний захирал болон мандсан билээ.

Өнгөрсөн зун 6 дугаар сарын эхээр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа мэдээлэл хийж "05 дугаар сарын 31-нд сайжруулсан шахмал түлшний угааранд 25 хүн хордож, 8 хүн нас барсан гэх мэдээллийг авсан. Хамгийн хачирхалтай нь энэ хэргийн талаар албан ёсны мэдээлэл авах боломжгүй байна. Би УИХ-ын дэд даргын хувиар мэдээлэл авах гээд олдохгүй байна. Найман хүнээс гурав нь бага насны хүүхэд байсан гэж байна. Тиймээс холбогдох байгууллагуудыг иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна. Шахмал түлш иргэдийг үнэхээр бухимдуулж байна. Миний авсан мэдээллээр он гарснаас хойш 1739 хүн угаартаж, 46 хүн нас барсан гэж байна. Холбогдох хүмүүсийг мэдээлэл өгөхийг хориглож, айлгаж байна” гэсэн юм.

НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа "Сонгинохайрхан дүүрэгт 2021 онд дөрвөн хүүхэдтэйгээ амь насаа алдсан эмэгтэй, дөрвөн настай хүүтэйгээ хамт амиа алдсан аав, дөнгөж цэргээс халагдаж ирсэн хүүтэйгээ хамт амиа алдсан ээж гээд угаартаж амиа алдсан мэдээллийг жил бүр авдаг. Статистик мэдээ болсон энэ үйл явдал үнэхээр харамсалтай байна. 

 Гэр хорооллыг барилгажуулах, агаарын бохирдлыг бууруулахад татвар төлөгчдийн мөнгөнөөс 2021 онд 30.2 тэрбум төгрөг, 2022 онд 34.5 тэрбум төгрөг, 2023 онд 39.4 тэрбум төгрөг, жил бүр өссөн дүнтэй төсөв батлагддаг. Харамсалтай нь утаагүй түлшнээс болж хагацал амссаар байна" гэж байсан билээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ