Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орон даяар “Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээг тодорхой үе шаттайгаар зохион байгуулах болсон. Энэ ажлын хүрээнд Гурвансайхан сумын зүгээс нөхөн сэргээлт хийх газрыг Гурвансайхан сумын “Элгэн” багийн нутаг дэвсгэрт 2009 оноос хойш хууль бусаар ухагдаж эвдрэлд орсон хайлуур жоншны талбайг нөхөн сэргээлт хийлгүүлэхээр төлөвлөсөн.
Дээр дурдсан ажлыг Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, хүлээж авах ажлын хэсэг, Байгаль орчны менежментийн 2021 оны төлөвлөгөөний жилийн эцсийн дүгнэлтийг 2022 оны төлөвлөгөөнд зайлшгүй тусгах арга хэмжээний хэсэгт тодорхой тусгаж оруулсан байдаг.
Орон нутгийн зүгээс “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн 2022 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд уг ажлыг тусган хэрэгжүүлэхийг даалгасны дагуу Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Элгэн” багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүрэн дэл” гэх нэртэй газрын нийт 2 га талбайд 31186.6 м3 хэмжээтэй техникийн нөхөн сэргээлтийн ажлыг 2023 оны 2 дугаар сарын 05-наас 2023 оны 02 дугаар сарын 12-ны хооронд төлөвлөсөн хэмжээнд бүрэн хийж хүлээлгэн өглөө.
Тус ажлын явцын болон эцсийн гүйцэтгэлд Гурвансайхан сумын ажлын хэсэг газар дээр нь очиж хяналт тавьж, хүлээн авч ажиллалаа.