alim.mn | 2024.12.22
Шахмал түлш байгуулна гэж төсвөөс 17 тэрбум төгрөг авсан Аморе интернэшнл ХХК-ийн захирал Ч.Хүрэлбаатар сайдтай холбоотой

Анх 2010 онд шахмал түлшний үйлдвэр байгуулахаар тендер шалгаруулж, “Аморе интернэшл” шалгарсан. “Аморе интернэшнл” компани “Бид жилд 210000 тонн хагас коксжсон шахмал түлш нийлүүлэх хүчин чадалтай цогцолбор байгуулна. Энэ байдлаараа гэхэд 2011 оны сүүлээр түлшээ нөөцлөөд эхэлнэ” гэжээ.

Харамсалтай нь 17 тэрбум гаргуулж аваад шахмал түлшний үйлдвэр барьсангүй, 17 тэрбум өгсөн ч эргээд Аморе интернэшл компанитай хариуцлага тооцсонгүй.

   Төрийн 17 тэрбум төгрөгийг залгисан утаагүй түлшний үйлдвэрийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

  “Аморе интернэйшнл” ХХК ЭБЭХЯ-наас 2010 онд 5, 2011 онд 9 тэрбум нийт 14 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэхэд зориулан хүлээн авсан боловч гэрээт хугацаандаа ажлаа дуусгаж чадаагүй. Түүгээр зогсохгүй 3.04 тэрбум төгрөгийг компанийн бус, хувийн дансанд шилжүүлэн авсан нь аудитын шалгалтаар тогтоогдсон. Мөн төслийн санхүүжилтээс иргэн З.Туул, Т.Ганболд нарт бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулалгүйгээр дансаар болон бэлнээр багагүй хэмжээний мөнгө олгосон байдаг.

     Улмаар энэ асуудалд “Аморе интернэйшнл” компанийн захирал П.Баатарсүрэнд 2013 онд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл дэх эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн, 174 дүгээр зүйлд заасан батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан, 273 дугаар зүйлийн төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Мөрдөн байцаалтаар "Аморе интернэйшнл" компанийнхан төсөл хэрэгжүүлэх хугацаанд дөрвөн удаагийн ажлын гүйцэтгэлээр Улсын төсвөөс буюу ЭБЭХЯ-наас 14 тэрбум 58 сая долоон зуун мянган төгрөгийн санхүүжилт авсныг тогтоосон байна. Гэвч төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, батлагдаагүй зураг төсвөөр 14 тэрбум төгрөгийг үр ашиггүй шахам байгууламж болгосон, ингэх явцдаа хувийн дансанд гурван тэрбум төгрөг шилжүүлсэн гэх мэт гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасныг аудитын байгууллага тогтоочихоод байхад прокурорын байгууллага хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна.

Шахмал түлш байгуулна гэж төсвөөс 17 тэрбум төгрөг авсан Аморе интернэшнл ХХК-ийн захирал Баярсайхан Кемеx компани байгуулчихсан дүүлж явна гэх юм.  Кемеx ХХК-ийн захирал Жунгуузын Баатарсүрэн нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах Ч.Гантулгатай нэг ангийн найзууд гэнэ.

Н.Алтанхуяг: Утаанаас салгана гэж төрөөс 17 тэрбум төгрөг авсан "Аморе интернэшнл"-д хариуцлага тооцохгүй юм уу?

  Өнгөрсөн 11 дүгээр сарын 03-нд болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Аморе интернэшнлийн асуудлыг эргэн сөхсөн.   Тэрбээр "Энэ өвөл нийслэлд утааны асуудлаа яаж шийдэх гэж байгаа юм бэ.  Салбарын сайд нь  кокс энэ тэр гэж яриад чимээгүй болсон.  Өнгөрсөн өвөл мидлинг гэдэг юм туршаад сүүлдээ хүхрээ дийлэхээ болиод тэр түлшээ хаяж байгаа юм шиг байна.  Үүнтэй холбоотойгоор би нэг зүйл хэлье. Би цаас харуулъя.  Тэгэхгүй бол энэ танхимд худал ярьдаг гүтгэдэг хүмүүс их болчихоод байна. Утааны асуудлыг шийдэхэд урт хугацаандаа орон сууцжуулах хэрэгтэй. Ойрын хугацаанд хагас кокс юм.  Надад 2010 оны гэрээ байна. Энэ гэрээнд Дулааны цахилгаан станц-2-ыг түшиглэж 210 мянган тонн хагас коксон түлш үйлдвэрлэх ийм цогцолбор байгуулахаар заасан байна. "Амори интернэшнл" гэдэг компанитай гэрээ хийгээд энэ үйлдвэрээ 2012 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулна гэжээ.  Тэрнээс хойш хэдэн жил болж байна. 11 жилийн өмнө Монголд хагас коксын үйлдвэр ашиглалтад ороод өнөөдөр монголчууд утаанаас салах боломж байсан.  Энэ компани 17 тэрбумаа аваад хийх юм аа хийж чадаагүй.  Манай Засгийн газар 2014 онд тогтоол гаргасан.  Тогтоолд энэ компани ажлаа хийж чадаагүй байна. Барьсан байшинг нь дуудлага худалдаагаар худалдаалахыг Төрийн өмчийн хороонд даалгасан.  Дулааны цахилгаан станц-2-ын тавдугаар зуухны технологийн горимыг  "Аморе интернэшнл" компани өөрчилснийг буцаагаад эрчим хүчний горимд шилжүүлэх. Энэ компаниас өгсөн хөрөнгөө нөхөн төлүүлэх арга хэмжээ ав гэсэн.  Харамсалтай нь удахгүй манай Засгийн газар огцорсон.  Түүнээс хойш 11 жил өнгөрчээ.  Тэр компани төрийн 17 тэрбум төгрөгийг аваад ДЦС-ын зуухыг буруу горимд шилжүүлж хаяад явсан шүү.  Монголд ер нь эзэн байна уу.  Тэр компанид хариуцлага хүлээлгэдэг хүн байхгүй юм уу" гэлээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ